УИХ-ын Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн талаар гишүүд асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Би хоёр асуулт асууя. Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн барьсан Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой хөнгөн галт тэрэг буюу “LRT” төслийг оруулж ирээгүй байна. Ерөнхий сайд үүнийг өөрөө зарлачихсан, Засгийн газраар хэлэлцчихсэн, тэр байтугай Ерөнхий сайд БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ Хятадын талтай ярьж тохирсон гэж ойлгож байгаа. Мөн УИХ-ын Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн түр хороон дээр энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн.
Хэрэв бид энэ зун бүтээн байгуулалтыг эхлүүлбэл эхний хөдөлгөөн 2024 оны зун гэхэд явахаар нэлээн цаг хугацаа шахагдаж байгаа төсөл. Энэ төсөл хугацаа алдаж зогсвол 2024 он гэхэд Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ шүү.
Үүнийг шууд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг цаг хугацааны хувьд хойш нь татаад байдаг. Энэ яагаад орж ирсэнгүй вэ. Хоёрдугаарт, хэмнэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын агентлагуудыг дэд даргагүй болгоё гэж байгаа юм байна. Би төрийн захиргааны гурван байгууллагад 10 гаруй жил тамгын газрын даргын алба хашсан. Анзаарч байхад агентлагууд яамдуудаасаа том шүү дээ. Манай яамдууд 100 гаруй хүнтэй байх. Миний ажиллаж байсан агентлагуудын хувьд 600-1600 хүнтэй байсан. Яг энэ байгууллагуудад ажиллаж байхад дэд дарга нар их чухал байдаг. Ганцхан дарга дээр бүх ачааллыг төвлөрүүлэхэд тухайн дарга албан бичиг явуулж, цохолт хийгээд л таарах байх. Хууль зүйн яаманд ажиллах байхад нэг өдөрт сайд дээр орж гардаг бичиг нь мянга хүрдэг. Тэр болгоныг уншсаар бусад зүйл нь орхигддог. Нэг орон тоо хэмнэх гэж байгаад Засгийн газар нэг хүний ачааллыг нэмэгдүүлчих вий дээ. Том жижгээсээ хамаарч орлогч даргатай байх асуудлыг ярьж болохгүй юу. 40 хүнтэй агентлаг, 4 мянган хүнтэй агентлаг ч байна” гэв.
Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа. Тэрбээр “Хөнгөн галт тэрэгний төсөлд баталгаа гаргаж өгөх тухай хүсэлт ирсэн байна лээ. Нийтдээ 2.5 тэрбум ам.доллараар босох гурван үе шаттай төсөл. Үүнийг оруулбал, бидний өрийн босго бүр даваад явчхаар байна. Хэрэв үүнийг хэлэлцээд эхэлчих юм бол төсвийн тодотгол өөрөө хууль зөрчсөн болно. Өрийн босгыг давсан байхад оруулж ирсэн гэдгээрээ хууль зөрчинө. Тиймээс хэлэлцүүлэх боломжгүй. Гурван тэрбум төгрөг хэмнэх гэж байгаад нөгөө талдаа 3.5 тэрбум ам.долларын баталгаа гаргах зүйл орж ирж байна. Баталгаа зээлтэй яг адилхан нөхцөлөөр явагддаг. Хоёрдугаарт, том агентлаг, эдийн засагт нэлээн чухал үүрэгтэй улс төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн дэд захирал, орлогч нарын талаар бодож үзэх хэрэгтэй юм байна гэж үзэж байгаа. Үүнийг ажлын хэсэг дээр сайн ярина” гэв.