Ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хүүтэй олгож байгаа тогтолцоог засах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Тэрбээр “Цаашдаа СЗХ, Монголбанк хамтарч иргэдэд хүрч байгаа ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авах дүрэм, журамд өөрчлөлт оруулж иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах шардлагатай" гэсэн юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр, сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Засгийн газар Төрийн орон сууцны корпорациар дамжуулаад тодорхой хөтөлбөр зарладаг. Үүнд нь Монгол банк тодорхой дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалтыг шийдэх аргаар оролцдог. Тэдний хамтын үйл ажиллагаагаар ипотекийн зээлийн хүүг 6,8 гэх мэт хувиар зарладаг.
Энэ хүүгээр арилжааны банкуудад зээл олгогдож байна. Ийнхүү зээл олгосны дараа буцаагаад эх үүсвэрээ авахаар тооцдог. Үүнийгээ ипотекийн корпорациар дамжуулж хоёр дахь зах зээл рүү гаргаад буцаагаад хөрөнгөжүүлдэг.
Өөрөөр хэлбэл ипотекийн хүү зургаан хувийн хүүтэй байвал зээлийн хомстол бий болно. Тэгэхээр үүнийг л дахин хөрөнгөжүүлэх ажлыг л МИК хийж байна. Монголчууд зөвхөн банкнаас зээл авч санхүүгийн хэрэгцээгээ хангадаг. Гэтэл дэлхийд хэдэн зуун янзын санхүүгийн хэрэгслүүд бий. Тэр хэрэгслийн нэг нь энэ юм. Хэрвээ ингэж мөнгөжүүлэхгүй зөвхөн арилжааны банкууд өөрсдийнхөө хөрөнгийг зээлж Монгол банк нь түүнийг нь тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд нэг удаа олгочихоод байвал барилгажилт нь зогсоно. Буцаад дахин хоёр дахь зах зээлд гаргаж хөрөнгөжүүлэх асуудлыг хийхгүй бол болохгүй. Энэ зээлд олон хүнийг хамруулах ёстой юм. Үүнийг манай зарим улс төрчид ойлгохгүй байх шиг байна. Тиймээс улс төрчид орох асуудалдаа оролцоод мэдэхгүй зүйлээсээ хол байсан дээр” гэлээ.