Техник технологи хөгжихийн хэрээр онгон дагшин байгалийн гоо үзэмж алдагдаж, ан амьтан, ус ургамалын төрөл зүйл устаж үгүй болж байна. Энэ бүхнээс сэргийлж Экологийн цагдаагийн албаныхан өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж, хоёргүй сэтгэлээр зүтгэж, байгаль дэлхийнхээ уул, ус, ургамал амьтан бүхнийг хамгаалж, учрах хохирлоос урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
ВИДЕО:
Тодруулбал, Экологийн цагдаа алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж байна. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд энэ оны эхний 3 сард л гэхэд 182 бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан 1 тэрбум гаруй төгрөгийн хохирлын 30 гаруй хувийг нөхөн төлүүлээд байгаа аж.
Харин Экологийн цагдаа албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс 2020-2022 оны эхний 2 сарын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр 8 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, 21 аймагт 157 удаагийн хяналт шалгалтаар 564 холбогдогчтой, 3.4 тэрбум төгрөгийн хохиролтой 321 гэмт хэргийг илрүүлсэн байна.
Тухайлбал;
- Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс иргэн Б, Ч, Б, Ө нар нь палтеонтологийн олдворыг хууль бусаар олж энэ оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хадгалж байсан үйлдлийг,
- Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт иргэн А нь 2020 оны 11 дүгээр сард 4 тооны хандгай агнасан үйлдлийг,
- Дорнод аймгийн Баяндун сумын нутгаас иргэд 2021 оны 10 дугаар сард хууль бусаар 1.730 грамм алт олборлсон,
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгаас “нэр бүхий аж ахуйн нэгж” нь 2021 онд хууль бусаар их хэмжээний мод бэлтгэж, олсон орлогыг хууль бус гэдгийг мэдсээр байж ашигласан,
- Нөхөн сэргээлтийг зохих журмын дагуу хийгээгүй 31 аж ахуйн нэгжид холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэргийг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Мөн “Хууль бусаар мод бэлтгэх”, “Хайлуур жонш хууль бусаар олборлосон” гэмт хэрэг, “Түгээмэр тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон аж ахуйн нэгж”-ийг мөрдөн шалгах зэрэг нийт 3 аргачлалыг боловсруулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад хүргүүлэн тэдэнтэй хамтран “Нөхөн сэргээлт 2020, 2024”, “Эко 2021, 2022”, “Анчид” зэрэг нэдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, ой хээрийн түймэр тавих, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг байна.