Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр Бейсмент компанид шилжүүлжээ. Харин 2015 онд хувийн хэвшилд татварын өр зэрэг бүх юмтай нь хувьчлах шийдвэр гарсан байдаг. Харин өнгөрөгч сарын 23 /2022.03.23/-ны өдөр Засгийн газраас “Цемент шохойн үйлдвэрийг хувьчилж авсан хүн нь нас барсны дараа Хөтөлийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Тиймээс өнөөдрийг хүртэл эзэнгүй болж хувирсан тул төр буцаан авч байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ долоо хоногийн Лхагва гараг /2022.04.13/-т Засгийн газрын шийдвэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Кью эс си” ХХК-д шилжүүлсэн концессын гэрээг мөн цуцлах шийдвэр гаргасан нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.
ВИДЕО:
-ХЭНД Ч НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙГЭЭР ХУВЬЧЛАЛАА ДЭЭРЭМДЭЖ АВАВ-
Үндсэн хуулийн 16.3-д Монгол Улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заажээ.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа Засгийн газар бусдаас мөнгө, төлбөрийг нь аваад хувьд шилжүүлсэн хувьчлалуудад “ямар нөхөн төлбөр төлөлгүй” хураах болов. Манай улс 1990 онд Ардчилсан нийгмийг сонгож, зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Үүнээс хойших хугацаанд иргэн хувийн өмчтэй байхыг эрхийг нь олгосон. Чөлөөт зах зээлийн онцлог нь хувийн хэвшилд эрх чөлөөг нь олгож түүнээс олох татвар бусад хураамжаараа эдийн засгаа тэлж, төсвийн хөрөнгөө бүрдүүлдэг.
Иймд хувийн хэвшил эрсдэлээ үүрээд, хөрөнгөө оруулаад өчнөөн их наядын бүтээн байгуулалт хийсэн өмчид Засгийн газар хууль бусаар халдаж /өмнө нь мэдэгдэлгүй/ төрд авах шийдвэрийг дараалан гаргаж, үүнийгээ “шударга ёсыг тогтоосон” гэж пиар болгоод 2024 оны сонгуульд орно гэж байгаа бол, улсын хувьчилсан бүх хувьчлалыг буцааж авах нь “хувьчлалд шударга хандах” шаардлагад нийцэж байна.
Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьчилж авсан “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол”зочид буудал, О.Содбилэг нараас хуучнаар “НИК” буюу Петровис компани, Сүмогийн их аварга Д.Дагвадоржийн авсан Монголын циркийн байр, Балдорж агсны охидоос “Улаанбаатар” зочид буудал, П.Батсайхан нараас архи пивоны АПУ үйлдвэр, Буян компанийн эзэн Б.Жаргалсайханаас “Хангай” зочид буудал, Ц.Баатарсайханаас “Говь”-ийн үйлдвэр зэрэг хувьчлалуудаа хурааж аваад, 1990 оны өмнөх “төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа буцаж орох нь зүйн хэрэг болов уу.