Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.
Тус сургууль нь хичээлийн 42 танхимтай, 1,500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн стандартад нийцсэн хоёр спорт заал, номын сан, гал тогоо гэх зэрэг хүүхдийн сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлсэн сургалтын танхимуудтайгаар ашиглалтад орж байгаа аж.
Мөн энэ хичээлийн жилд 2,800 орчим хүүхэд хүлээн авч хоёр ээлжээр хичээллэж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нээлтийн үеэр “Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд энэ сайхан эрдмийн өргөө үүд хаалгаа нээж байгаад баяртай байна.
Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон.
Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг аравдугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 21 дүгээр сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ ажил, сурлагын өндөр амжилт хүсээд хичээлийн шинэ байртай болж байгаад баяр хүргэе” гэв.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.