Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд зээлдэгч нарт харилцан адилгүй хүүтэй зээл олгож, ТУШААЛ ДЭВШЖЭЭ

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд зээлдэгч нарт харилцан адилгүй хүүтэй зээл олгож, ТУШААЛ ДЭВШЖЭЭ

“Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль"-ийг 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр шинэчилсэн найруулж, баталснаар бүх эрх мэдэл тус банкны ТУЗ-д шилжсэн байдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

ЖДҮ-ИЙН ХЭРГИЙН ТҮҮХ ХӨГЖЛИЙН БАНКАНД ДАВТАГДАХ НЬ

Хөгжлийн банкны асуудал хууль хяналтын байгууллагад шилжээд байгаа энэ үед өнөөх эрх мэдэл "атгаж" суусан эрхмүүд нь хариуцлага хүлээх бус, харин ч албан тушаал дэвшиж, хаалганы гадна үлдэх нь бололтой. Хэдхэн жилийн өмнө олон нийтийн анхаарлыг татаж байсан ЖДҮ-ийн хэрэг хэрхэн шийдэгдэж байсан түүх энэ удаад Хөгжлийн банканд давтагдах нь. Ийнхүү өгүүлэхийн учир нь ЖДҮ-ийн хэргээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа хорих ял сонссон. Харин бусад нь болоод тус зээлийг олгосон эрх мэдэлтнүүд нь "цэвэр" үлдэж байсан цаг саяхан. Яг л энэ түүх Хөгжлийн банкны гэх хэрэгт давтагдаж, ил гарсан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нарын цөөхөн хэдэн хүн бүх хэргийн буруутан болж, харин бусад нь албан тушаал дэвшсэн зөөлөн сэнтийдээ үлдэх нь хэмээн хардах хүн олон байна. 

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ ОЛГОЛТЫГ ТОЛГОЙЛЖ БАЙСАН ТУЗ-ИЙН ГИШҮҮД АЛБАН ТУШААЛ ДЭВШЖЭЭ

2017 онд хуульд өөрчлөлт оруулж, эрх мэдэл Хөгжлийн банкны ТУЗ-д шилжсэнээс хойш дээрх албыг хэн, хэн хашиж байв, тэд ямар албан тушаалд дэвшин томилогдов, ТУЗ-ийн гишүүд эрх мэдлээ хэтрүүлж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүүг үзэмжээрээ их, бага хэмжээтэйгээр тогтоож байсан уу гэдгийг сурвалжиллаа. 

Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дараа буюу 2017 оноос хойш тус банкны ТУЗ-ийг Б.Даажамба, М.Баярмагнай, С.Наранцогт гэх хүмүүс удирдаж байсан байна. Харин гишүүнээр нь Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал, С.Магнайсүрэн, Д.Даваасамбуу, Д.Бат-Очир, Ж.Оюунчимэг, О.Хуягцогт, Ж.Үхэртар нарын хүмүүс ажиллаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийн ихэнх нь албан тушаал дэвшжээ.

Тодруулбал,  

  • Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан бол 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон байна. Түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэдэг. Тэд нэг нутаг. Энэ нь ч М.Баярмагнайгийн улс төрийн замналд нөлөөлдөг гэдгийг хэлэх хүн байдаг.
  • Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээс ТУЗ-ийн дарга хүртлээ ажиллаж байсан С.Наранцогт нь тус албанд томилогдохдоо Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байжээ. Харин энэ оны нэгдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар томилогдсон байна. Түүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатартай холбох нь бий.
  • Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүн Д.Даваасамбуу нь Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Одоо ч тус албандаа зүтгэж яваа. Тэрбээр хоёр ч ТУЗ-ын даргын нүүр үзэж, гишүүнээр ажилласан нэгэн.
  • Ж.Бат-Эрдэнэ нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаасаа өмнө Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол 2020 оны долоодугаар сард Зам тээврийн яамны дэд сайдаар томилогдсон байна. Түүнийг УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах гэдгээр нь олон нийт андахгүй.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУЗ ЗЭЭЛДЭГЧ НАРТ ДАВУУ БАЙДАЛ ҮҮСГЭЖ, ХАРИЛЦАН АДИЛГҮЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОСОН УУ

Хөгжлийн банкны ТУЗ зээлдэгч нарт харилцан адилгүй хүүтэй зээл олгож, зарим нэгэнд нь давуу байдал олгосон байж болзошгүй байна. Тус банк нь төгрөгийн, долларын, иений, еврогийн гээд олон төрлийн валютаар зээл олгосон байдаг. Харин Хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүү нь харилцан адилгүй байгаа нь анхаарал татаж байна. Хөгжлийн банкнаас олгосон бүх валютын зээлийг төгрөгийн зээлийн хүүд шилжүүлээд авч үзвэл зээлүүдийг 5.5-17.05 хувийн хүүтэйгээр зээлдэгч нарт олгосон байх аж.

Тухайлбал:

  • Цоцгоны мухар шороон ордын төсөлд 700 сая төгрөгийн зээл авсан “Эрд хул” ХХК-д хамгийн өндөр буюу жилийн 17 хувийн хүүтэйгээр зээл олгожээ.
  • Ховд эко цемент төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авсан “Вестерн Холд” ХХК-д 15.58 хувь,
  • Мон цемент төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 650 мянган еврогийн зээл авсан "Монполимет" ХХК-д 13.21 хувь
  • Төмөртэйн ордоос хандгайт өртөө хүртлэх төмөр зам төсөлд 71.3 сая  ам.долларын зээл авсан “Кью Эс Си” ХХК-д 13.46 хувь
  • Буман залуус 296 айлын орон сууц төсөлд 15 тэрбум төгрөгийн зээл авсан "Пирамид Орд" ХХК-д 13.44 хувь
  • Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон орд төсөлд 15 тэрбум төгрөгийн зээл авсан “Мон дулаан трейд” ХХК-д 12.92 хувь,
  • Шинэчлэл хороолол төсөлд зээл авсан "Бармон" ХХК-д 10.62 хувь,
  • Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр байгуулах төсөлд зээл авсан "Мон лаа" ХХК-д 10 хувь,
  • Таван толгой-Гашуун сухайтын авто замын төсөл хэрэгжүүлэх "Эрдэнэс Монгол" ХК-д 9.5 хувь
  • Хорголжин төмрийн үйлдвэр барихаар ХБ-наас 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан “Ган хүдэр орд” ХХК-д 5 хувийн хүүтэй зээл олгосон байна.

Энэ бүхнээс үзэхэд, өдгөө хэвийн зээлдэгч ангилалд багтсан зээлдэгч нарт өндөр хүүтэй, харин чанаргүй зээлдэгч компаниудад бага хүүтэй зээл олгосон байх аж. Нэг үгээр хэлбэл дээрх зээлүүдийг олгосон эрхмүүд нь аль нэг компанид давуу байдал олгож, бага хүүтэй зээл олгосон гэж дүгнэхээр харагдаж буй юм. Эцэст нь, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүд нь энэ мэтээр зээл олгосон атлаа хариуцлагаас мултарч, үлдэх учиргүй гэдгийг олон нийт хэлж, хариуцлага нэхэж байгаа юм.