Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн есдүгээр сард мэс засал хийлгэсэн жирэмсэн эмэгтэйн биеэс хоёр ширхэг зүү гарч иржээ. Уг асуудлаар түүний нөхөр Д.Ертай манай редакцад хандаж, бид болсон явдлын талаар ярилцлаа.
ВИДЕО:
-ХАГАЛГААНЫ ДАРАА ЭХНЭРИЙН МААНЬ БИЕЭС 3.5 СМ ХЭМЖЭЭТЭЙ ЗҮҮ ГАРЧ ИРСЭН-
-Сайн байна уу. Болсон явдлын талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?
-Энэ явдал нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 1:00 цагийн үед болсон. Эхнэр маань ариун цэврийн өрөө ороод суутал яг гэдэс хэсгийг нь зүү нэвт цоолоод гараад ирсэн. Бостол бие рүү нь буцаад орчихсон. Бид тэр дор нь түргэн дуудаад хэлсэн ч ирээгүй. “Өмнө чинь дөрвөн дуудлага байна. Гэр чинь ойрхон бол өөрөө аваад ирэхгүй юу” гэсэн. Ингээд бид Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн юм.
Тухайн үед гэдэснийх нь гаднаас барьж үзэхэд хатуу зүйл мэдрэгдэж байсан. Бид шууд л “Одоо авахуулчихъя. Боломжтой юу” гэтэл эмч “Өнөөдөр авах ямар ч боломжгүй. Рентгенээр үзэж байж л авахгүй бол болохгүй” гээд буцаасан.
Гэртээ иртэл эхнэр маань маш хүчтэй өвдөөд байна гээд болдоггүй. Гэдсийг нь барьж үзтэл хатуу зүйл тэмтрэгдсээр байсан. Ингээд аргагүйн эрхэнд нэг зүүг нь өөрөө ноцолдож байгаад арайхийн гаргаж авсан. 3.5 см хэмжээтэй зүү байсан. Маргааш нь эмнэлэгт очоод үзүүлтэл эмч нар “манай зүү биш” гэж хэлсэн.
-Гэтэл үүгээр ч зогсохгүй хоёр дахь зүү гарч ирсэн гэж байсан?
-Тийм ээ. Бид маргааш нь Эмнэлгийн чанарын албанд өргөдөл бичиж, эхнэрээ бүрэн шинжилгээнд хамруулсан юм. Гэтэл аарцагны ясны хажууд дахиад нэг зүйл байсан. Тухайн үед эмч “зүү биш ч байж магадгүй. Зүүний ард талын хэсэг байж болно” гэж хэлсэн. Ингээд зүүг хайсан ч байршлыг нь тогтоож чадаагүй. Би аргаа бараад Ховд аймаг руу эхнэрээ аваачаад үзүүлтэл “аарцаг ясны дотор зүү байна” гээд шууд л хагалгаанд оруулсан.
-Зүү яг хэзээ эхнэрийн тань биед орсон байж магадгүй гэж бодож байна?
-Эхнэр маань есдүгээр сарын 14-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт “гэдэсний гриж” гэдэг оноштойгоор хэвтээд нугасны мэдээ алдуулалттайгаар 15-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн үед л орсон юм болов уу гэж би бодож байгаа. Түүнээс биш хүний биед хоёрын хоёр зүү орно гэж байхгүй шүү дээ. Нугасны хагалгаа маш аюултай. Нурууны дундах дискээр нэг ч биш давхар зүү шургуулдаг. Тэр наркозны зүү л эхнэрийн маань биед орсон юм болов уу гэж таамаглаж байгаа.
-Эхнэр тань есдүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орсноос хойш өөр эмнэлэгт хэвтсэн үү?
-12 дугаар сард төрөх эмнэлэгт таван хоног хэвтэж, эмчлүүлсэн. Тэр үед булчингийн тариа л хийлгэсэн. Тэрнээс мэдээ алдуулалт хийлгээгүй.
-Есдүгээр сард хагалгаанд орсны дараа биед нь ямар нэгэн зовуур илэрч байв уу?
-Хагалгаанд орсноос хойш 10 гаруй хоног нэг хөл нь доголоод, алхаж гишгэхэд маш хүндрэлтэй болсон. Тухайн үед бид жирэмсэн болохоор тэгж байгаа юм болов уу гэж бодож байлаа. Биед нь орсон зүүнээс болоод эхнэр маань хагас жилийн дотор гурван ч удаа наркозонд орчхож байгаа юм. Энэ чинь хүний биед маш муу нөлөөтэй шүү дээ. Наркоз гурван жилдээ гардаггүй гэж хүмүүс ярьдаг. Гэтэл хагас жилд гурвын гурван удаа орно гэдэг юу гэсэн үг вэ.
-ХҮҮХЭД МААНЬ ЗҮСЭГДСЭН ЮМ ШИГ СОРВИТОЙ ТӨРСӨН. ГЭТЭЛ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ЭМЧ НАР “ЮУ ГЭЖ ХҮНИЙ БИЕД ЗҮҮ БАЙДАГ ЮМ” ГЭЭД ИНЭЭЛДЭЖ БАЙСАН-
-Эхнэр тань эхний зүүг авах үед хэдэн сартай жирэмсэн байсан бэ?
-Эхний зүүг авахад 6 сартай жирэмсэн байсан. Нэгдүгээр сарын 19-ний өглөө хүүхэд амьсгалахад хэцүү байна, ус нь багадсан байна гээд шууд хийсвэр хагалгаанд оруулсан. Би зүүнээс болсон юм болов уу гэж бодож байгаа.
-Одоо эх, хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Одоо биеийн байдал нь харьцангуй сайн байгаа. Гэхдээ хүүхэд маань зүсэгдсэн юм шиг сорвитой төрсөн. Одоо эдгээд алга болсон.
-Болсон явдлын талаар эмнэлгийн удирдлага, холбогдох газруудад гомдол гаргасан уу?
-Би эмнэлгийн дарга болон чанарын албаны хүмүүстэй уулзсан. Мөн Мэргэжлийн хяналтын албанд өргөдөл бичиж өгсөн. Гэтэл бүхэл бүтэн сарын дараа “хуулийн байгууллагуудаар шалгуул” гэсэн хариу өгч байгаа юм. Одоо мөрдөн байцаагч шалгаад явж байна. Би эхний зүүг авсныхаа дараа эмч нарынх нь хурал дээр барьж очоод “Та нарын хариуцлагагүй байдлаас болж ийм зүйл боллоо” гэсэн. Гэтэл “мэргэжлийн бус хүн байж зүүг яагаад авч байгаа юм” гэсэн. Тухайн үед ямар ч аргагүй байдалд ороод авч байгаа шүү дээ. Эхнэрийн маань гэдсэнд нь бүхэл бүтэн зүү тэмтрэгдээд, бие нь муудаад байхад өөр яах болж байна.
-Хэрэв зүү байгааг мэдэхгүй үүнээс удсан бол эхнэрийн тань амь насанд аюул учрах байсныг ч үгүйсгэхгүй шүү дээ. Таны зүгээс энэ явдалд хэн хариуцлага алдсан гэж бодож байна?
-Эмч нарын хариуцлагагүй байдлаас болсон. Эмч нар алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ховд руу очиж зүүг нь авахуулна гэхэд “чи такси бариад очоод авахуулаад ирэх юм уу” гэсэн. Мөн “Эхнэрийн бие дотор зүү байна” гээд түргэн тусламжийн ээлжийн эмч, сувилагч нарт очиход “Юу гэж хүний биед зүү байдаг юм” гээд инээлдээд байсан. Эмч нарын буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж бид зургаан сар дутуу нойртой, нэг ч шөнө санаа амар унтаж чадаагүй. Эхнэрийн маань бие шөнө илүү өвддөг. Ингэхдээ хөл нь хүчтэй янгинаж өвдөж байна гээд уйлдаг. Нэг удаа авга ах маань эмнэлэг дээр ийм асуудал гарлаа гээд очтол “Чамд ямар хамаа байна. Нөхөр нь эхнэрээ мэднэ шүү дээ” гэж загинасан байсан. Ер нь эмнэлгийн ажилчид харилцаа муутай. Сувилагч нар нь хүртэл хүний төлөө ажиллаж байгаа юм шиг л аашилдаг. Бидний төлөө биш өөрсдөө цалин аваад ажиллаж байгаа шүү дээ. Гаргасан алдааныхаа төлөө уучлал гуйж чадахгүй. Би эмч нарыг ажлаас нь халуулахыг хүсээгүй. Ёс зүйтэй байхыг л хүссэн. Хүн өвдөж очиход зөв харьцдаг, зөв онош тавьдаг байгаасай. Хариуцлагатай байгаасай гэж хүссэн.
-Ярилцсанд баярлалаа.