БАРИМТ: Эрчим хүчний яам 14,8 сая ам.доллар, МИАТ 1,2 тэрбум иенийн зээл ХБ-наас авахад нь ЗГ батлан дааж байжээ

БАРИМТ: Эрчим хүчний яам 14,8 сая ам.доллар, МИАТ 1,2 тэрбум иенийн зээл ХБ-наас авахад нь ЗГ батлан дааж байжээ

Монгол Улсын Хөгжлийн банк /ХБ/-наас олгосон нийт чанаргүй зээлийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний зээлийг Төрийн өмчит компаниуд авсан байна. 

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-ны өдөр зээл авсан компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг хариуцсан яамд, сайдуудад даалгасан.  

Тэгвэл Хөгжлийн банкнаас аль аль төрийн өмчит хувьцаат компани хэдэн төгрөгийн зээл авсан, ингэхдээ чухам юу барьцаалав гэдгийг тодрууллаа.

  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК: Чойболсан дахь Дулааны цахилгаан станцын 50 мб өргөтгөл барихаар 2021 оны аравдугаар сард 44.2 сая юанийн зээл авсан байна. Ингэхдээ Дорнод бүсийн эрчим хүчний системийн үйлдвэрийн барилга байгууламж, дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах агаарын шугам, үнсэн сангийн доорх газар, жимс жимсгэнэ, ногоо тарих газар, албан конторын газар зэргийг барьцаанд тавьжээ.
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК: ДЦС-4 өргөтгөл 280мб өргөтгөл МИБ барихаар 2018 оны долоодугаар сард 76.6 сая ервогийн зээл авчээ. Зээлийн барьцаанд цахилгаан станцын дансны орлогыг тавьсан байна.
  • Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ: Улаанбаатар хотод 46 автобус оруулж ирэхээр Хөгжлийн банкнаас 17.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Ингэхдээ ирээдүйд худалдан авах 46 ширхэг автобус, цэнэглэгч станц, төхөөрөмжөө барьцаалжээ.
  • МИАТ ТӨХК: 2017 оны зургаадугаар сард 1.2 тэрбум иенийн зээлийг авчээ. Харин тус зээлд Засгийн газар баталгаа гаргаж, батлан даасан байна.
  • Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК: 2018 оны дөрөвдүгээр сард 158.7 тэрбум төгрөгийг газрын тос боловсруулах үйлдвэрийн автозам, төмөрзам, цахилгаан, ажилчдын орон сууц зэргийг барихаар Хөгжлийн банкнаас зээл авчээ. Зээлийн барьцаанд ажилчдын орон сууцны хотхоны газар, газрын тос боловсруулах үйлдвэрийн газар, авто зам болон төмөр замын газар, цахилгаан дамжуулах агаарын шугмын газар, ус түгээх, шахах, өргөх байгууламжийн газар, цэвэр ус дамжуулах хоолойн газар, орон сууцны барилга,  цахилгаан дамжуулах дэд станцын барилга зэргийг барьцаалжээ.
  • Төрийн орон сууцны корпораци: 2013 оны аравдугаар сард 84.7 тэрбум 2015 оны тавдугаар сар 50 сая доллар, мөн онд 83.5 тэрбум, 2016 онд 19.2 тэрбум төгрөгийг Буянт Ухаа 1,2 дугаар хорооллын санхүүжилт, эргэлтийн хөрөнгө хийхээр зээл авсан байна. Харин зээлийн барьцаанд Буянт-Ухаа-2 хорооллын газар болон 48 ширхэг орон сууц, Хангай хотхоны 221 ширхэг орон сууц, барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг барьцаалсан байна. Тус зээл өдгөө чанаргүй зээлийн ангилалд ороод буй.
  • Эгийн голын усан цахилгаан станц: 2017 оны есдүгээр сард 10.5 сая долларын зээл авсан байна. Зээлийн хөрөнгөөр 33 км төмөр зам барисан боловч хүдэр борлуулалтын орлогоос зээлийн төлөлт хийгээгүй. Улмаар зээл эргэлзээтэй ангилалд багтжээ. Зээлийн барьцаанд автозамын трассын газар, цахилгаан дамжуулах агаарын шугамын трассын газар, шугам сүлжээний газар зэргийг тавьжээ.
  • Эрчим хүчний яам: 2014 оны нэгдүгээр сард ТТ цахилгаан станцын ТЭЗҮ боловсруулахаар 14.8 сая ам.долларын зээлийг авчээ. Тус зээлийг Засгийн газар батлан даасан байх аж.