ВИДЕО: "БОАЖЯ, УБЕГ, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг "Шударга байдлын үнэлгээ"-гээр хамгийн бага оноо авч, сүүлд мушгисан"

ВИДЕО: "БОАЖЯ, УБЕГ, Хөвсгөл, Баян-Өлгий аймаг "Шударга байдлын үнэлгээ"-гээр хамгийн бага оноо авч, сүүлд мушгисан"

“Транспаренси Интернэшнл" байгууллагаас жил бүр гаргадаг авилгын индексээр Монгол Улс 110 дугаар байранд эрэмбэлэгджээ. Харин төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээгээр өмнөх оныхоос 1.2 пунктээр буурсан байна. Төрийн байгууллагыг авилгаас ангид байлгах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шударга байдлын төвшинг тодорхойлох дээрх судалгаагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баян-Өлгий, Хөвсгөл аймаг хамгийн бага үнэлгээ авчээ. Дээрх судалгаануудын талаар албаны хүмүүсээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа. 

-Ц.ШИНЭБАЯР: ТӨРИЙН АЛБАНД МЕРИТ ЗАРЧИМ АЛДАГДСАНААС УЛС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АВИЛГАЛ БУУРАХГҮЙ БАЙНА-

АТГ-ын судалгаа, шинжилгээний газрын дарга Ц.Шинэбаярээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-Төрийн байгууллагуудын "Шударга байдлын үнэлгээ" 72.9 болж өмнөх оны үнэлгээний дүнгээс 1.2 пунктээр буурчээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу байсан бол? 

-Шударга байдлын үнэлгээ нь төрийн байгууллагыг авилгаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авилга үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Төрийн байгууллагуудын Шударга байдлын үнэлгээ 2021 онд 72.9 болж өмнөх үнэлгээний дүнгээс 1.2 пунктээр буурсан нь гадаадын шударга байдлын үнэлгээ 4.7 пунктээр буурсан нь нөлөөлсөн. Харин жил бүрийн судалгааны үр дүнгээс харахад төрийн байгууллагуудын ил тод байдлын үзүүлэлтийн оноо сайжрахгүй байгаа нь ажиглагдаж байна. Энэ үзүүлэлт сайжирвал нэгдсэн дүн ахих боломжтой.

-Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан газруудыг нэрлээч?

-Агентлагуудаа, Улсын бүртгэлийн ерөнхий газар үнэлгээний төвшин хамгийн доогуур гэж гарч байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар хамгийн доогуур үнэлэгдсэн. Харин Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар гэхэд сүүлийн таван удаагийн судалгаагаар хамгийн доогуур үнэлгээтэй гарч, сүүл мушгисан. Орон нутаг, аймгуудаас ирж байгаа өргөдөл, гомдол мэдээллийг аваад үзэхээр Баян-Өлгий аймгаас маш их өргөдөл гомдол ирдэг. Үүнд Баян-Өлгий аймагт анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл Шударга байдлын үнэлгээний дүн бол Засгийн газраас яам агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг үнэлдэг үнэлгээний нэг үзүүлэлт болдог.   

-Аль албан тушаалын хүмүүс авилгын гэмт хэрэгт түлхүү холбогдож байна гэсэн судалгаа гарсан бэ?

-Өнгөрсөн онд АТГ-т 3300 өргөдөл гомдол ирсэн. Авилгын гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 80-аад хувь нь төрийн албан хаагчид байна. Үүнээс улс төрийн албан хаагчдын авилгын гэмт хэрэгт түлхүү холбогдсон байгаа юм.

-Энэ бүхний шалтгаан нь юу байсан бол?

-Энэ бүхний шалтгаан нь томилгооны ил тод, шударга байдалтай холбоотой. Ер нь томилгоо тун эргэлзээтэй байдлаар хийгддэг. Уг нь төрийн албаны тухай хуульд мерит зарчим гэж заасан. Гэтэл мерит зарчимаар бус тохиолдлын шинж чанартай, шал өөр тэр ажлыг мэдэхгүй, мэддэг байлаа ч сэтгэлгүй, хувийн шуналаа дарж чадахгүй хүнийг удирдах албан тушаалд томилсноор ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргадаг. Тиймээс улс төрийн албан хаагчид, удирдах албан тушаалтнууд авилга албан тушаалын хэрэгт маш ихээр холбогдож, энэ үзүүлэлт буурахгүй байна.

Н.Тэмүүлэн

-Н.ТЭМҮҮЛЭН: TRACE ИНТЕРНЭШНЛЭЭС ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ САНААЧИЛСАН НЬ САЙШААЛТАЙ ГЭЖ ДҮГНЭСЭН-

Дэлхийн улс орнуудын авилгын төсөөллийн индексээр манай улс хэддүгээр байрт эрэмбэлэгдсэн талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

-Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас 2021 оны дэлхийн улс орнуудын авилгын төсөөллийн индексийг зарлалаа. Манай улс хэддүгээр байранд эрэмбэлэгдсэн бол? 

-Манай улсын тухайд төсөөллийн индексээр 110 дугаар байранд эрэмбэлэгдэж, байр өссөн үзүүлэлт гарсан байна. 2021 оны тухайд авилгын төсөөллийн индексийг харахдаа найман эх сурвалжаас дүгнэн гаргасан бөгөөд дэлхийн эдийн засгийн форумын үзэл бодлын судалгаагаар манай улс зургаан функтаар өссөн байна. Ийнхүү зургаан функтаар өснө гэдэг маань авилгын эрсдэл тодорхой хэмжээгээр буурч, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд таатай байна гэж ойлгож болно. 

-Тэгвэл дэлхийн эрх зүйн төслийн хууль дээдлэх ёсны индексээр манай улс хоёр функтээр өссөн үзүүлэлттэй гарсан байсан. Энэ талаар?

-Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас онцлон хэлэхдээ, “Монгол Улс бүс нутгийн орнуудаас анх удаа хүний эрхийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг санаачилсан. Мөн сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь сайшаалтай байна” гэсэн дүгнэсэн байсан.

-Тэгвэл авилгын эрсдэлийн матрицын үнэлгээгээр Монгол Улс эрэмбэлэгдсэн байгаа бол? 

-Дэлхийн улс орнуудын хэмжээнд авилгын нөхцөл байдлыг тогтоодог хоёр үнэлгээг хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, Транспаренси интернэшнл  олон улсын байгууллагын төсөөллийн индекс, мөн TRACE Интернэшнл олон улсын байгууллагын авилгын эрсдэлийн матрицын үнэлгээг хүлээн зөвшөөрдөг. TRACE Интернэшнл олон улсын байгууллагын үнэлгээгээр Монгол Улс нийт 47 оноотой 190 гаруй орноос 89 дүгээр байранд эрэмбэлэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 7 байраар урагшилсан. Тэгэхээр энэ судалгааны статистик юу хэлж байна гэхээр авилгын эрсдэл буурч байна. Манай улс авилгатай тэмцэх тодорхой алхам бодлогуудыг нэлээд эрчимтэй хийж байна. Ийм учраас долоон байр урагшилж байна гэж нэг талаараа ойлгож болно.

 Гэхдээ энэ авилгын төсөөллийн индексийг бууруулах авилгын матрицын үнэлгээнд илүү байр ахихын тулд иргэн нэг бүрийн, аж ахуйн нэгж бүрийн “авилгад үгүй гэж хэлье, авилгаас ангид байя” гэдэг энэ үзэл суртал үйл ажиллагаа нэн чухал байгаа гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.