Ковидын хуулийг зургаан сараар сунгалаа

Ковидын хуулийг зургаан сараар сунгалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар, Ковид19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

Мөн хуралдаанаар, Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийн тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Улмаар УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав. Түүнчлэн Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Ковид19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд УИХ-ын гишүүдээс асуулт асуугаагүй хэмээн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Төсвийн тухай хуулийн 42.1 дэх хэсгийн “Төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж шийдвэрлэнэ”, 42.7 дахь хэсгийн “Төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт шилжүүлэх нь сөрөг үр дагавартай, шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу төсвийн тодотгол хийж, асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчимд харшилж байгаа учраас хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн саналыг дэмжиж байгаа талаар тус тус үг хэлж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь уг саналыг дэмжсэн гэлээ.

Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслүүдийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан байна. Цар тахлын хуулийг УИХ-аас өнгөрөгч 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан бөгөөд анх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үйлчлэх хугацаатай байсан юм.

Үүний дараа хуулийг 12 дугаар сарын 31-ний өдөр нэг удаа зургаан сараар сунгаснаар энэ хууль нь 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих болсон билээ. Гэсэн ч УИХ-аас 2021 оны зургаадугаар сарын 29-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, үйлчлэх хугацааг  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан юм. Улмаар энэ сарын 31-нд дуусгавар болох учиртай байсан ч өнөөдөр тус хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгалаа.

Хуулийн дахин зургаан сараар сунгах үндэслэл:

  • Нэгдүгээрт, дэлхий нийтэд цар тахал үргэлжилсэн хэвээр байна. Мөн коронавирусийн шинэ хувилбар гарч бусад улс оронд халдварын нөхцөл байдал аюултай түвшинд хүрч болзошгүй байна. Иймээс Цар тахлын хуулийг сунгах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
  • Хоёрдугаарт, цар тахлын улмаас манай улсын хил гааль хаагдсан. Үүний улмаас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Иймд хурдан хугацаанд зохицуулалт хийх шаардлага үүснэ гэж үзсэн. Дээрхи хоёр үндэслэлээр тус хуулийг 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл сунгаж хэрэгтэй байна гэж МАН-ын бүлэг үзжээ.  



Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө