Энэ сарын 10 /2021.12.10/-ны өдөр БНХАУ-ын Эрээн боомт нээгдэж, эхний ээлжийн 25 ачааны автомашин хилээр гаргасан. Мөн энэ үеэр ОХУ-ын агаарын боомтоор манай улсын иргэд нэвтрэх, дамжин өнгөрөх шийдвэр албажсан.
Харин өчигдөр /2021.12.13/ БНХАУ-ын талаас нэмэлт хэд, хэдэн шаардлага тавьж, шийдвэр гарах хүртэл буюу тодорхойгүй хугацаагаар Эрээн боомтоо дахин хаалаа. Гэтэл хилийн хяналтын бүсэд ачаатайгаа гацаад байсан 150 тээврийн хэрэгслийн 54 автомашин хоёр улсын хилийн дундын бүсэд оруулж амжсан гэх мэдээлэл байна.
-МОНГОЛ УЛСЫГ ШХАБ-Д ЭЛСҮҮЛЭХИЙН ТУЛД БНХАУ БОЛОН ОХУ-УУД ХИЛЭЭ НЭЭЖ, ХААХ БАЙДЛААР ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ БАЙНА УУ-
Тэгвэл манай урд, хойд хоёр хөрш БНХАУ, ОХУ-ууд нэгэн зэрэг хилээ нээж, нөгөө нь төд удалгүй “Бээжингийн төрийн зөвлөлөөс “Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд илүү хатуу хяналт, зохион байгуулалттай ажилла гэх шийдвэрийг гаргасан” зэрэг шалтгаанаар хилээ хааж байгаа нь коронавирусийн эрсдэл биш харин “геополитик бодлого” байж магадгүй байна. Учир нь манай улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсүүлэх саналыг хоёр хөрш удаа дараа тавьж буй. Мөн 2018 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “ШХАБ-тай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана” гэж мэдэгдэж байв. Харин зарим судлаачид “манай улс ШХАБ-д гишүүн орон болсноор гуравдагч хөршийн харилцаагаа үгүй хийнэ” гэж болгоомжилдог.
Тэгвэл ОХУ болон БНХАУ-ууд хилээ хааж, коронавирусээр шалтаглаж байгаагийн цаана Монгол Улсыг ШХАБ-д гишүүн орноор элсүүлэх гэсэн шахалт байж болзошгүй байна.
ШХАБ-ын хувьд 1996 онд БНХАУ, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикистан улсын төрийн тэргүүн нар “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурснаар “Шанхайн тав” бүлгэм үүсэн байгуулагдсан гэдэг. Өнөөдөр тус байгууллагад БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбек, Энэтхэг, Пакистан орнууд гишүүнээр элссэн бол, Монгол улс ажиглагчийн байр суурьтай байгаа юм.
-ДЭЛХИЙН ЗАРИМ ТОМ ГҮРНҮҮДИЙН ШАХАЛТАД ОРСОН БНХАУ БОЛОН ОХУ-УУД МОНГОЛУЛСЫГ НЭГ ТАЛДАА ГАРГАХЫГ ШАХАЖ БАЙНА УУ-
Манай хойд хөрш ОХУ-ыг зарим гадаадын судлаачид “зэвсэглэл”-ээр хөөцөлддөг гэж шүүмжилдэг. Саяхан ОХУ байлдааны техник хэрэгсэл, цэрэг арми Украин улсын хилийн ойролцоо дөхөж ирсэн нь Олон Улсын шүүмжлэлд өртсөн. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “цахим хурал” хийх үеэрээ “Украины асуудлыг хөндөж, хэрэв ОХУ-ын цэрэг тус улс руу халдсан тохиолдол АНУ-ын зүгээс зэвсэг техникээр туслах болно. Мөн НАТО-ийн цэрэг ч оролцох болно” гэж мэдэгдсэн гэх мэдээлэл бий. Хариуд нь ОХУ-ын тал Украйныг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байгаа гэж мэдэгдсэн гэдэг.
Харин БНХАУ-ын хувьд “эдийн засгаараа дэлхийд тэргүүлж, АНУ-ыг ардаа орхино” гэсэн зорилготой яваа гэх. Иймд энэ хоёр том гүрэн нэг нэгэндээ худалдаа, эдийн засагтаа тодорхой хориг тавиад буй. Товчхондоо, АНУ-тай ОХУ болон БНХАУ-ын харилцаа тийм ч таатай биш байгаа юм. Харин манай улсын хувьд урд, хойд хөршийн харилцаанаас гадна гуравдагч хөршийн харилцааг эрхэмлэдэг, ардчилсан улс билээ.