Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын холбоотой гэрээ хийгээгүй. Эхний тоглолтынхоо дараа хаана орохоо шийднэ

Э.Цэндбаатар: Мэргэжлийн боксын холбоотой гэрээ хийгээгүй. Эхний тоглолтынхоо дараа хаана орохоо шийднэ

“Өмнөх бүхий л хар дурсамжуудаа тэр цаг хугацаанд нь үлдээсэн. Одоо зөвхөн урагшаа харж, хүсэл тэмүүллийнхээ төлөө зүтгэж байна. Энэ их эрч хүч, урам зоригийг Монголын минь ард түмэн надад хайрласан” хэмээн даруухан ярих Боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатартай ярилцахаар бид түүний бэлтгэл хийж буй төвд очив.

Мэргэжлийн боксыг сонгож, тус спортод эргэлт буцалтгүй хөл тавьсан түүний бэлтгэл хийж буйг хараад бахархаж, бардамнах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн юм. “Хэрэв дэлхийн аваргадаа оролцсон бол гэх харуусал ч тэрхэн үед төрж байсныг нуух юун.

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тэмцээндээ оролцохоор тун удахгүй ОХУ-ыг зорих гэж буй аж. Тиймээс ч долоо хоногийн зургаан өдөрт гурван цагаар бэлтгэл хийж байгаа гэдгээ бидэнд хуучилсан. Мөн удахгүй шинэ байрандаа орохоор сэтгэл догдлон хүлээж байгаа. Энэ боломжийг олгож өгсөн Монголынхоо ард түмэн болон Д.Мөнх-Эрдэнэ ахдаа баярлаж байгаагаа тэрбээр ярианыхаа эхэнд онцолсон. Ингээд түүнтэй мэргэжлийн боксод хөл тавьж байгаа талаар нь цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Өчигдөр та байртай болсон талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, ард түмэндээ баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн байсан. Хэзээ байрандаа нүүж орох гэж байна?

-Д.Мөнх-Эрдэнэ ах хэлсэн амандаа хүрч, 50 сая төгрөг бэлэн өгсөн. Мөн Монголын маань ард түмэн надад итгэл, сэтгэл хайрлаж, 30 сая төгрөгийн хандив өгч, бид тун удахгүй байрандаа орох гэж байна. Монголчууддаа, хандив өгсөн бүх хүнд маш их баярлалаа гэж хэлье. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй цаашдаа улам их хичээх болно. Байр маань арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Би байраа өөрөө сонгосон.

-МЭРГЭЖЛИЙН БОКСЫН АНХНЫ ТУЛААНАА ОХУ-Д ИРЭХ САРЫН 25-НД ХИЙНЭ-

-Мэргэжлийн боксод орж, анхны тэмцээндээ орох гэж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Би одоо эргэлт буцалтгүйгээр мэргэжлийн боксод орсон. Өдөрт хоёр удаа бэлтгэлээ таслахгүй хийж байгаа. Арванхоёрдугаар сард миний хамгийн эхний тулаан болно. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.

-Анхны тулаан нь хаана, хэзээ болох вэ?

-Миний хамгийн анхны тулаан арванхоёрдугаар сарын 25-нд Москвад болно. Би  арваннэгдүгээр сарын 20-оор ОХУ-руу явна. Хамгийн анхны тулаанаа эхэлж байна.

-Бэлтгэлээ хэрхэн хангаж байна. Багш нартайгаа холбоотой байгаа юу?

-Багш нартайгаа холбоотой байгаа. Анхны багш олон улсын хэмжээний мастер н:Энхтайван багштайгаа хаяа бэлтгэл хийдэг. Гэхдээ ихэнхээ хувиараа л хийж байна. Долоо хоногийн зургаан өдөр нь өдөрт гурван цагаар бэлтгэл хийдэг. 

-МЭРГЭЖЛИЙН БОКСООР ХАМГИЙН ЭХНИЙ ЯЛАЛТАА АВААД ӨӨРИЙГӨӨ ХЭН БОЛОХОО ХАРУУЛМААР БАЙНА-

-Та мэргэжлийн боксод орохыг эхнээсээ мөрөөдөж байсан гэдэг. Мэдээж баярлаж байгаа байх?

-Тийм ээ. Мэргэжлийн спорт гэдэг бол миний хүсэж байсан мэргэжил. Одоо хүссэн мэргэжил рүүгээ орж байгаадаа маш их баяртай байна. Би анх бокс тоглохдоо л мэргэжлийн боксийн дэлхийн аварга болохыг хүсэж байсан. Одоо тийшээ гарахад надад ямар ч асуудал байхгүй. Мэргэжлийн боксод орох миний замыг гэрэлтүүлсэн хүн бол Төгсөө, Лхагваа хоёр ах минь. 

-Одоо аль нэг хороонд харьяалагдаж байгаа юу. Ивээн тэтгэж байгаа байгууллага, аж ахуйн нэгж бий болов уу?

-Одоогоор ШШГЕГ болон Сүлд спорт хороонд харьяалагддаг. Ивээн тэтгэж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж одоогоор байхгүй. Харин миний менежерээр Сэрүүн группийн захирал Булгантамир ах ажилладаг. Бид хоёр хамтраад мэргэжлийн бокс руугаа орж байгаа.

-Тэгэхээр мэргэжлийн боксын холбоодтой гэрээ хийгээгүй гэсэн үг үү?

Тийм ээ. Би ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Хамгийн эхний тоглолтынхоо дараа энэ асуудлыг шийдэх байх.

-Тэгэхээр зардал мөнгөө хэрхэн шийдэж байгаа юм бэ?

- Тэмцээнд оролцох зардал мөнгийг бүгдийг нь цаанаас шийдэж өгсөн. Харин бэлтгэл сургуулилтын болон бусад зардлаа өөрөө болгож байгаа. Дэлхийн аваргын хүрэл медалийн урамшуулал гээд 450 мянган төгрөг авдаг. Үүгээр л болгож байна. /Сур.инээв/.

-Зардал мөнгөний асуудлаас болоод тэмцээнд оролцож чадахгүй болох эрсдэл үүсэх юм биш биз дээ?

-Ямар ч байсан тоглолтын хуваарь гарсан. Нисэх онгоцны тийзний зардлыг цаанаас нь шийдсэн. Надаас гарах зардал байгаа. Түүнийгээ мөн өөрөө шийдсэн.

-Монголын боксын холбоотой одоо ямар нэгэн харилцаатай байгаа юу?

-Монголын боксын холбоотой одоо харилцаа байхгүй. Одоо хувиараа бэлтгэлээ хийж байна. Одоо намайг уяад байх зүйл байхгүй. Мэргэжлийн бокс руугаа гарна гэснээрээ гарна гэж шийдсэн.

-Хамгийн ойрын зорилго, мөрөөдлөө хуваалцаач?

-Хамгийн ойрын зорилго бол хамгийн эхний ялалтаа авах. Хамгийн эхний ялалтаа аваад өөрийгөө хэн болохоо харуулмаар байна. Үүнийг л хүсэж байна.

-О.ТУЛГА БОЛ ЗАЛУУ ТАМИРЧИН УЧРААС ТУРШЛАГА ДУТСАН БАЙХ. БИТГИЙ ШАНТРААРАЙ ГЭЖ ХЭЛЬЕ-

-Таны оролцох байсан Дэлхийн аваргад О.Тулга яваад амжилт үзүүлж чадсангүй. Та үүнийг хэрхэн хүлээж авав?

-О.Тулга бол залуу шинэ тамирчин. Одоо илүү гарч ирж байгаа шинэ залуу тамирчин болохоороо туршлага дутсан байх. Дараа дараагийнхаа тэмцээнд амжилт гаргаад явна байх гэж итгэдэг. Түүнд өшөө ирээдүй байгаа. Битгий шантраарай гэж хэлмээр байна.

-Дэлхийн аваргын медалийн тавцанд зогсож байсан тамирчид өмнө нь тантай тулалдаж байхдаа ялагдаж байсан юм билээ. Та хэрэв би оролцсон бол гэсэн битүүхэн харуусал төрж байв уу ?

-Харуусал төрж байсан. Хэрвээ би орсон бол аварга болох байсан юм даа гэж бодож байлаа. Гэхдээ би чадаагүй л дээ. Азийн аваргаар надад хожигдсон хоёр хүн сая дэлхийн аваргад нэг нь мөнгөн, нөгөө нь хүрэл медаль авч байна лээ. Гэхдээ одоо бүх юм ард өнгөрсөн. Би бүх зүйлийг мартсан. Одоо зөвхөн урагшаагаа л харж байна. Мэргэжлийн бокс гэдэг энэ том ертөнц рүү хөл тавиад орж байгаа болохоор ард талынхаа юмыг хараад шантраад, бодоод байх юм байхгүй. Би одоо зүгээр л чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Энэ бүхнийгээ мэргэжлийн боксоороо харуулна.

-Өөрийн тань ярьж байгааг харахаар нэг л тийм гомдол тээгээд байх шиг санагдах юм?

-Тийм ээ. Надад бол гомдол бол бий. Гэхдээ би ард болж байсан бүхнийг мартаад зүгээр л урагшаагаа хараад бүхнийг шинээр эхлээд шинэ ертөнцөд шинэ Э.Цэндбаатар болоод очихыг хүсэж байна.

-МЭРГЭЖЛИЙН БОКС ГЭДЭГ ТОМ ЕРТӨНЦ РҮҮ УЛСЫНХАА ТӨРИЙНХӨӨ ДАЛБААТАЙ ОРЖ, ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГААД ЯВСАН ДЭЭР ГЭЖ ШИЙДСЭН УЧРААС КИРГИЗСТАНЫ САНАЛААС ТАТГАЛЗСАН-

-Киргизстан улсаас таныг дэлхийн аваргад улсынхаа нэрийн өмнөөс тоглох санал тавьж, нэлээд их хэмжээний мөнгө амласан гэж байсан. Яагаад энэ боломжоос татгалзсан юм бэ?

-Киргизстанаас дэлхийн аваргаас эхлээд дараагийн олимп хүртэл өөрийн улсын нэр дээр тоглох санал тавьсан. Харин би Монгол Улсынхаа иргэншлийг сольж, өөр улсын төрийн дуулал, далбааг өргөхийг хүсээгүй. Түүний оронд мэргэжлийн бокс гэдэг том ертөнц рүүгээ улсынхаа төрийнхөө далбаатай орж, эх орныхоо нэрийг гаргаад явсан дээр гэж шийдсэн юм.

-Таны энэ шийдвэрийг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэ шийдвэрийг би өөрөө гаргасан. Гэр бүл, ойр дотнынхон маань миний шийдвэрийг зөв гэж хүлээж авсан.

-Уучлаарай. Өмнө нь болсон зодооны гэх хэрэг нь юу болсон бэ. Эл хэрэгт холбогдсон ах нартайгаа ахиж уулзсан уу?

-Би гомдолгүй гэдгээ хэлсэн. Хуулийн байгууллага яаж шийдэхийг би сайн мэдэхгүй байна. Ах нартай одоо бол холбоогүй байгаа. Надаас уучлалт гуйсан. Би ч аль хэдийнээ уучилсан.

-Ярилцсанд баярлалаа.