Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нар 108 гишүүнтэй байх саналыг Ерөнхийлөгчөөр өргөн бариулжээ

Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин нар 108 гишүүнтэй байх саналыг Ерөнхийлөгчөөр өргөн бариулжээ

-99 ГИШҮҮНИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ТАВАН ЖИЛ СОНГОХ ЗЭРЭГ ЗААЛТУУД УНАВ-

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим саналаар саналаа нэгтгэж чадахгүй сар шахуу хэрэлдэж арай хийн чуулганы хуралдаанд оруулж хэлэлцсэн ч өөрсдийн боловсруулсан гол саналуудаа унагаж бүр сүүлд нь Үндсэн хуулийг хэрхэн, яаж өөрчлөхийг ард түмнээсээ асууж эцэслэнэ гэдэг саналд хүрээд байна.

Тодруулбал, МАН-ын гишүүдийн Ерөнхийлөгчөөр өргөн бариулсан санал болох УИХ-ын 108 гишүүнийг таван жилээр сонгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх зэрэг олон санал чуулганы хуралдаанаар дэмжигдэлгүй унаад байна.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хоёр дахь хэлэлцүүлэг дууссаны дараа АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГЫГ үргэлжлүүлэн авахаар эрх баригч намын бүлэг тохирсон. 

Харин ард түмний санал асуулгаар юуг шийдэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө иргэдээс “ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ” гэж асуудахад бүгд “ДЭМЖСЭН” гэх хариултыг өгсөн учраас шат, шатны хэлэлцүүлгийг эхэлсэн гэж буй. Харин энэ удаа иргэдээс тодорхой зүйл, заалт тус бүрээр асуух болов уу гэсэн хүлээлт байна. 

-Л.ЭЛДЭВ-ОЧИР: ИХ ТОМ ХУЙВАЛДААН ЯВАГДСАН-

Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан санал 60-70 хувьтай, Ерөнхийлөгч болон АН-ын санал 20-30 хувьтай орсон. Ерөнхийлөгч янаглан хорлож, хувийн улс төрийн тоглолт хийж байна. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн тодорхой саналуудыг хуулийн дагуу бүгдийг нь хэлэлцсэн. Үүнд гомдоод байх шаардлагагүй.

УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг манай намын хэдэн нөхөд Ерөнхийлөгчөөр өргөн бариулж, будлиулсан. Энэ санал унасан. Ард түмэн үүнийг эсэргүүцэж байгаа. Мэдсээр байж ийм саналыг оруулж ирсэн. Гишүүд ч итгэл үнэмшлээрээ унагасан. Манай намын бүлгийн хэдэн гишүүн Ерөнхийлөгчийг өдөөн хатгаж 108 гишүүнийг таван жилээр сонгох, холимог тогтолцоотой болгох зэрэг саналуудыг өргөн бариулсан. Энэ бол их том хуйвалдаан Ерөнхийлөгч өөрөө “Энэ саналуудыг танай нөхдүүд надаар өргөн бариулсан шүү” гэж хэлсэн. Их тэнгэрт болсон бүлгийн хуралдаанд ч мөн Ерөнхий сайд энэ талаар хэлсэн. Нууц зүйл гэж үгүй. Тэр хүмүүсийн нэр аяндаа ил болно” гэсэн юм.

Тэгвэл түүний хэлсэнчлэн Ерөнхийлөгчтэй хуйвалдаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг будлиантуулсан  гишүүд хэн бэ гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж эхэллээ. Тус гишүүдийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Оюунхорол мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.

Тэд Ерөнхийлөгчтэй тохирч, өнгөрсөн хугацаанд ард түмнийг бухимдуулсан, бүлгийн гишүүдээ талцуулсан УИХ-ын гишүүдийн тоог нэмж, таван жилээр ажиллуулдаг болгох зрэг асуудлыг оруулж ирсэн үү гэдэг нь удахгүй тодорхой болох буй биз ээ.