Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асууж эцэслэн батлахаар болов

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард түмнээс асууж эцэслэн батлахаар болов

-ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДАРАА АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ҮРГЭЛЖИЛНЭ-

УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай хэмээн удаа дараа шаардаж, харин өчигдөр ҮХНӨ-ийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэж мэдэгдсэн. Харин ард түмний санал асуулгыг явуулах эсэхээр хоёр хуваагдаад байсан парламент уг асуудлаар нэгдсэн саналд хүрсэн байна.  Тодруулбал, МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Ард нийтийн санал асуулга явуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналтайгаар дэмжсэн байна. Одоо уг асуудлыг ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдэх юм. 

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хурааж байгаа юм. Ээлжит бус чуулган энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэ өдрөөс өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусвал ард түмний санал асуулгыг үргэлжлүүлэн авах нь тодорхой боллоо. 

Харин ард түмний санал асуулгаар юуг шийдэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнө зарим иргэдээс “ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА УУ” гэж асуухад бүгд “ДЭМЖСЭН” гэх хариултыг өгсөн учраас шат, шатны хэлэлцүүлгийг эхэлсэн гэж буй. 

Харин энэ удаа иргэдээс тодорхой зүйл, заалт тус бүрээр асуух болов уу гэсэн хүлээлт байна.  Тодруулбал, Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгохыг дэмжих үү, УИХ-ын 99 гишүүнийг таван жилээр ажиллуулах нь хэр зөв бэ, сонгуулийг ямар системээр явуулахыг дэмжиж байна гэхчлэн тодорхой  асуултыг асуух нь зүйтэй гэж олон нийт үзэж байна. 

-МАН-ЫН БҮЛЭГ ӨӨРСДИЙН САНАЛЫГ УНАГАСААР-

Өнгөрсөн ажлын тав хоногт МАН-ын бүлэг 99 гишүүнийг таван жилээр сонгох болон сонгуулийн холимог тогтолцоотой болох, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд танхимаа бүрдүүлэх зэрэг өөрсдийн боловсруулсан гол саналуудаа унагасан. Энэ нь МАН-ынхан дахиад л хагаралдаж эхэлснийг илтгэж буй. Тодруулбал, У. Хүрэлсүхийн талын гишүүдийн боловсруулсан саналыг М.Энхболдын талынхан унагаж байна. Мөн Ерөнхийлөгчийн боловсруулсан шүүхтэй холбоотой саналуудыг дэмжээгүй. 

Ерөөс тус бүлэг дээрх асуудлаар хоёр хуваагдан бүтэн сар шахуу хэрэлдэж эцэст нь хорьхон гишүүнээ суулгаж байгаад хүчээр дэмжсэн болоод чуулганы хуралдаан руу оруулсан ч эцэст нь ард түмнээс асууж шийдсэн дээр гэдэгт санал нэгдэв.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд нь дэмжихгүй, чуулганы хуралдааны ирцээ бүрдүүлэхгүй, саналуудыг унагаж буй нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн төлөвлөгөө нурж буйг илтгэнэ. 

Тэнд Ерөнхийлөгч Х.Баттулгын эзгүйд дээрх асуудлуудаа маш түргэн хугацаанд шийдээд авлаа.  Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа УИХ-ын чуулган хуралдах юм байна. Засгийн газраас есдүгээр сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагийг бүх нийтийн амралтын өдөр болгож, ажлын өдрийг Бямба гариг буюу есдүгээр сарын 7-ны өдөрт шилжүүлсэн учраас өнөөдөр ажлын өдөр юм. 

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед “Үндсэн хууль”-ийг өөрчлөх нь зөв үү?

Нийт: 463 саналтай