“Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан ардчилсан намаас “Олон улсын ардчиллын өдөр”-ийг “Ардчиллаа хамгаалъя” уриатайгаар тэмдэглэн өнгөрөөхөөр болжээ.
Энэ сарын 13-ны өдөр сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор уг арга хэмжээ болох аж.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг олон улсын ардчиллын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон. Ардчилсан намын санаачилгаар энэ өдрийг манай улс анх удаа ач холбогдол, үр дүнтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж байна. Уг арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар-30 жил” онол практикийн бага хурлаар эхлэх аж. Уг онол практикийн хуралд бусад улс төрийн намууд оолцож өнгөрсөн 30 жилийн алдаа, оноогоо хэлэлцэх аж. Мөн Сүхбаатарын талбайд Олон улсын ардчиллын өдөрт зориулсан нээлттэй өдөрлөг болох бөгөөд үүнд гэрэл зургийн үзэсгэлэн, Ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, урлагийн тоглолт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох аж. Үүнд НҮБ, Конрад Адейнауэрийн сан зэрэг олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцох юм байна. Түүнчлэн “Save democracy 2020“ баярын шоу арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Монголын хамгийн том тайз засагдаж, лазер гэрлэн дүрсний гайхамшгийг харуулсан хамгийн анхны томоохон шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг.
Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Олон улсын ардчиллын өдөр нь Ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж, цэгнэдэг өдөр. Ийн Монгол Улс олон улсын ардчиллын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлснээр олон улсад ач холбогдлоо улам өргөж байгаа юм.