УОК гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

УОК гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулна

Улсын онцгой комиссын (УОК) шуурхай ажлын хэсгийн хурлаар Covid-19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн болон дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунгийн явцыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар, өдгөө нийгэмд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж буй бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна. 

Дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун хийлгээд 14 хоносноос хойш Covid-19-өөр өвчилсөн тохиолдол Монголд 0.15 хувь байгаа бол Израйльд энэ үзүүлэлт 0.1 хувьтай байна.

Мөн өвчилсөн тохиолдлуудын хувьд хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт гуравдугаар тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах замаар вакцинжуулалтыг идэвхжүүлэх Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.   

Түүнчлэн халдварын тохиолдол, эрсдэлийг бууруулах хүрээнд хувь хүний эрүүл мэндийн QR код бий болгож, Covid-19-ийн шинжилгээ, вакцинжуулалт, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн цахим систем нэвтрүүлэх аж.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө