АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Виткофф, Жаред Кушнер нар пүрэв гараг /2026.11.12/-ийн орой Ирландад хүрэлцэн очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай Москвад хийсэн хэлэлцээнийхээ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд мэдээлэл өгчээ.
Энэхүү уулзалт нь Абу Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд хоёр өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээний дараа болж байгаа юм. Тэгвэл хоёрдугаар сараас хойш анх удаа зохион байгуулагдсан гурван талт уулзалт тодорхой ахиц дэвшилгүйгээр өндөрлөсөн байна. Харин В.Зеленский Дублин хотод болсон уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө сүүлийн өдрүүдэд өрнөсөн хэлэлцээнүүд маш чухал ач холбогдолтой байсныг онцолжээ.
Тэрээр “Энэ нь бидэнд дайныг дуусгах найдвар төрүүлж байна. Энэ уулзалтын дараа дахин уулзалтууд болно. Уулзалт бүр тодорхой үр дүн авчирч, биднийг зорилгодоо улам ойртуулах ёстой” гэж хэлсэн байна.
Мөн Стив Виткофф, Жаред Кушнер нарын хамт сэтгүүлчдийн өмнө гарахдаа саяхан тохиролцсон олзлогдогсдыг солилцох ажиллагаа нь дайн эхэлснээс хойших хамгийн том солилцоо болохыг дурдаж, үүнийг “бодит үр дүн” хэмээн тодорхойлжээ.
Харин Ж.Кушнер Украины дайны дараах аюулгүй байдлыг хангах “үнэхээр гайхалтай” төлөвлөгөөнүүдийг боловсруулж байгаагаа мэдэгдсэн байна. АНУ-ын төлөөлөгчид Москвагаас хөдлөхийн өмнө Виткофф Внуково нисэх онгоцны буудал дээр CNN агентлагийн сэтгүүлч Фредерик Плейтгентэй ярилцахдаа хэлэлцээнд тодорхой ахиц гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр “Бид ахиц дэвшил гаргасан гэж бодож байна. Хүмүүс биднийг гурван талт хэлэлцээг дахин эхлүүлнэ гэж бодоогүй байх. Гэвч бид үүнийг дахин эхлүүлж, дараагийн уулзалтыг товлолоо” гэж ярьсан байна. Мөн “Ерөнхийлөгч Д.Трамп яг ийм үр дүнг харахыг хүсэж байгаа” хэмээн нэмж хэлжээ.
С.Виткоффын мэдээлснээр Украины асуудлаарх дараагийн хэлэлцээнд Европын орнуудын төлөөлөгчид оролцох бололтой. Тэрээр “Тэд бол бидний түншүүд. Тиймээс тэдний оролцоо чухал” гэж онцолсон байна.
Ж.Кушнер ч мөн В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа Европын оролцоо зайлшгүй шаардлагатайг илэрхийлж, “Европын тал оролцохгүйгээр бид энэ хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж мэдэгджээ. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Европын төлөөлөгчдийг хэлэлцээнд оролцуулах асуудалд өөр байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр Орос, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ үргэлжлэхийг баталсан ч Европын орнууд оролцох хүсэлтэй байгааг төдийлөн дэмжээгүй аж.
Ю.Ушаков “Тэд хэлэлцээнд оролцохын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргаж байна. Гэвч манай Ерөнхийлөгчийн хэлснээр, тэд энх тайвныг хүсэж байна уу, эсвэл дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байна уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Одоогоор тэдний бодит үйлдлүүд бүгд дайныг үргэлжлүүлэх тал руу чиглэж байна” гэжээ.
-STARSHIELD-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ДАХИН ДОГОЛДОЛ ГАРЧЭЭ-
Дипломат хэлэлцээ өрнөж буй энэ үед Украины цэргийн ажиллагаанд чухал үүрэгтэй, Илон Маскийн Starlink хиймэл дагуулын интернэтийн цэргийн зориулалттай хувилбар болох Starshield-ийн үйлчилгээнд дахин ноцтой доголдол гарсан талаар В.Зеленский мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, сүүлийн өдрүүдэд уг үйлчилгээнд гарсан доголдлын улмаас Украины тал Оросын нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг устгах ажиллагаанд хүндрэлтэй тулгарчээ. Одоогоор Киев АНУ-ын талтай хамтран нөхцөл байдлын шалтгааныг бүрэн тодруулахаар ажиллаж байгаа аж.
-ЕВРОПЫН ОРОЛЦООНЫ АСУУДЛААР ОРОС, АНУ-ЫН БАЙР СУУРЬ ЗӨРӨВ-
В.Путинтай уулзах үеэрээ С.Виткофф Украины асуудлаарх хэлэлцээний дараагийн шатанд Европын орнуудыг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хүргэн Жаред Кушнер хэдийгээр Трампын засаг захиргаанд албан ёсны албан тушаал хашдаггүй ч тус улсын гол дипломат төлөөлөгчдийн нэгээр ажиллаж байгаа юм.
Тэрээр Европын орнууд дайныг бүрэн дуусгаж, урт хугацааны энх тайвныг тогтоохыг хүсэж байгааг онцолжээ. Үүний хариуд В.Путин Орос улс Европтой яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Тэрээр “Та бүхэн энх тайвныг бат бөх, удаан үргэлжлэхийг хүсэж байна. Би ч үүнтэй санал нэг байна. Цаашилбал, энэ энх тайван мөнхийн, бүрмөсөн тогтоосой гэж хүсэж байна” гэж хэлжээ. Мөн Оросын Ерөнхийлөгчийн тусгай элч Кирилл Дмитриев пүрэв гарагт CNN агентлагт өгсөн ярилцлагадаа Европын аюулгүй байдлыг хангах нь Европын орнуудын хувьд чухал алхам болохыг онцолсон байна.
Тэрээр “Европын аюулгүй байдлын төлөө ажиллах нь Европын хувьд маш чухал алхам гэж би бодож байна. Үнэнийг хэлэхэд, европчууд болон тэдний амьдралыг боддог хүмүүс Европын аюулгүй байдлыг хүчтэй байлгахыг хүсдэг” гэж ярьжээ.
Украин Европын орнууд энхийн хэлэлцээрийн гол ширээнд суух ёстой гэсэн байр суурийг удаан хугацаанд илэрхийлж ирсэн. Гэвч Москва одоогоор Европын шууд оролцоог дэмжихгүй байгаа бололтой. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ долоо хоногийн эхээр Арабын Нэгдсэн Эмират Улсад Европын албан тушаалтнууд байгааг шүүмжилж, тэдний оролцоог “ирээдүйтэй арга барил биш” хэмээн тодорхойлсон байна.
Харин Абу Даби дахь Европын төлөөлөгчид болон Оросын талын хооронд ямар нэгэн холбоо байсан эсэх талаар асуухад Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гараг /2026.11.11/-т “Ийм холбоо төлөвлөөгүй бөгөөд болоогүй” гэж хариулжээ.
-В.ПУТИН, Д.ТРАМП НАР УКРАИНЫ АСУУДЛААР ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ-
Үүний зэрэгцээ Юрий Ушаковын мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар Хятадад болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийхээр төлөвлөсөн хоёр талын уулзалтаараа Украины асуудлыг дахин хэлэлцэх аж. Ю.Ушаков “Ерөнхийлөгч Д.Трамп энэ асуудлыг шийдвэрлэхэд биечлэн анхаарч байгаа нь тэмдэглэгдсэн. Мэдээж хэрэг, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүнтэй хийхээр төлөвлөж буй уулзалтаар тохиролцоонд хамаарах бүх асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.
Энэ нь Украины дайныг дуусгах хэлэлцээрт Европын орнуудын оролцоо ямар байх вэ гэсэн асуудлыг улам хурцатгаж байгаа аж. Европын орнууд дайны дараах аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх хэлэлцээрээс гадуур үлдэх вий гэсэн болгоомжлол ч нэмэгдэж байгаа юм. АНУ-ын төлөөлөгчидтэй уулзахаасаа өмнө В.Зеленский пүрэв гарагт Дублин хотод болсон Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад бусад улсын удирдагчдын хамт оролцсон байна. Уг уулзалтаар Абу Дабид болсон гурван талт хэлэлцээ болон ОХУ-ын эсрэг авах нэмэлт хориг арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
Эх сурвалж: CNN