Засгийн газрын тогтоол, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн “Б”, “Д” нар БНХАУ-д олон жил амьдарсан иргэд байжээ

Засгийн газрын тогтоол, “Эрдэнэт үйлдвэр”-ийн тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн “Б”, “Д” нар БНХАУ-д олон жил амьдарсан иргэд байжээ

Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлдэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг залилахыг завдсан бүлэг этгээдийг Тагнуулын байгууллагаас илрүүлж, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Монгол Улсын иргэн “Б”, “Д” нар бусадтай бүлэглэн Засгийн газрын нууц тогтоол, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан бичиг, тамга, тэмдэг, хамтын ажиллагааны гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг онц их хэмжээгээр хохироохоор завдсан гэх ноцтой хэргийг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр дээрх этгээдүүд БНХАУ-ын нэр бүхий компанийн төлөөллийг хууран мэхлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоолыг хуурамчаар үйлджээ. Уг тогтоолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон БНХАУ-ын компани хооронд 300 сая ам.долларын үнийн дүн бүхий уул уурхайн ашигт малтмал худалдах, худалдан авах гэрээ байгуулах чиглэл өгсөн мэтээр тусгасан байжээ.

Үүгээр зогсохгүй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас түүхий эд нийлүүлэх баталгаа гаргасан албан бичиг, хамтын ажиллагааны гэрээг давхар хуурамчаар үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлсэн байна. Ингэхдээ тус үйлдвэрийн тамга, тэмдэг, Ерөнхий захирал Г.Ёндонгийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэх мэдээлэл байна.

Одоогоор хэрэгт холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тэгвэл уг хэрэгт холбогдоод буй “Б”, “Д” нар хэн байсан, ямар ажил мэргэжилтэй, цаашлаад төрийн өндөр албан тушаал хашиж байсан эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд гарсаар байна. Нөгөө талд залилах гэмт хэрэг ч өсөх хандлагатай байна.

Ганцхан тоо дурдахад, улсын хэмжээнд энэ оны аравдугаар сарын байдлаар 54 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 15 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл, бүртгэгдсэн гурван гэмт хэргийн нэг нь залилах гэмт хэрэг гэсэн үг юм. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр уг хэрэгт холбогдсон “Б”, “Д” нар нь төрийн өндөр албан тушаалтан бус, хувиараа бизнес эрхлэгчид байжээ. Мөн БНХАУ-д оршин сууж байсан болон тус улсад удаан хугацаагаар амьдарч байсан туршлагатай, урд хөршийнхөнтэй ойр харилцаатай хүмүүс аж. 

Тэд өөрсдийн харилцаа холбоо, давуу байдлаа ашиглан Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс хуурамч баримт бичиг, гэрээ үйлдэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэхийг завдсан гэх мэдээлэл байна. Хуурамч баримт бичиг үйлдэж, залилахыг завдсан бол ямар ялтай вэ гэх асуулт гарна.

Энэ төрлийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах боломжтой.

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд нэрлэн заасан төрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол 450-5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Харин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн бол 450-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн тохиолдолд 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Гэхдээ дээрх хэрэгт гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө, мөнгө шилжүүлэн авсан эсэх, гэрээний үнийн дүнгээс бодит хохирол учирсан эсэх, гэмт хэрэг үйлдэхээр завдсан нөхцөл байдал зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох юм. 300 сая ам.доллар нь гэрээний үнийн дүн болохоос тогтоогдсон хохирлын хэмжээ биш.  Иймд Б, Д нарын үйлдэлд ямар зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болон шүүхийн шийдвэр эцэслэн тогтооно. Бид энэ тухай эргэн мэдээлэх болно




Өнөөдөр туулай өдөр

53 минутын өмнө