Наймдугаар сард болсон 512 бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд цол олгохгүй байх шийдвэр гарчээ

Наймдугаар сард болсон 512 бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд цол олгохгүй байх шийдвэр гарчээ

Коронавирусийн халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ жилийн улсын их баяр наадам цуцлагдсан. Харин өнгөрсөн наймдугаар сарын 16-ны өдөр /2021.08.16/ Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан 512 хүчит бөхийн барилдаан болсон билээ.

-ТОМООХОН ОЙН БАРИЛДААНД ТАВААС ДЭЭШ ДАВСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГОХООР ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙНА-

Уг барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий ес давж түрүүлж, аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэсэн. Барилдааны үеэр Хууль зүйн яамны холбогдох албаныхан "Уг барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн амжилтаа ахиулсан бөхчүүдэд цол олгох асуудлыг нухацтай ярилцана" гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл уг асуудал шийдэгдэж цол олгохгүй шийдвэрийг гаргасан байна. Учир нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд "Зөвхөн долдугаар сарын 11, 12-ны өдрийн наадмын барилдаанд таваас дээш барилдаж давсан бөхчүүдэд цол олгоно" гэж заажээ. Тэгэхээр энэ дагуу 512 бөхийн барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд цол олгохгүй аж.

Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав "Цаашид цар тахлын хүндрэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Уг өөрчлөлтөөр томоохон ойн баяр наадамд тав давсан бөхчүүдэд цол олгохоор болж байгаа. Зохицуулалтыг хийнэ" гэлээ. Мөн 512 бөхийн барилдаанд зодоглож, тавын даваанаас хойш тунаж, үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан билээ. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав хэлэхдээ “18 бөхөөс допингийн шинжилгээг БНСУ руу явуулсан байгаа. Одоогийн байдлаар шинжилгээний бүгдийнх нь шинжилгээний хариу ирээгүй байна. Ганц, хоёр бөхийн шинжилгээний хариу ирээгүй. Ирсний дараа нь нэгтгээд зарлана" гэв.