Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ.
Тулаан АНУ-ын Лас Вегаст аравдугаар сарын 16-нд "UFC Fight Night: Holm vs. Dumont" буюу "UFC Fight Night 195" арга хэмжээний үеэр болох бөгөөд 9-2-0 амжилттай яваа Д.Батгэрэл UFC-д гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрт нь ялаад буй. Тэрээр сүүлийн тулаандаа Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд хүнд цохилтоор ялсан юм.
Түүний дараагийн өрсөлдөгч нь 14-8-0 амжилттай "Killer B" хочит АНУ-ын Брандон Дэвис юм. 2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис "Gulf Coast MMA" холбоонд дөрвөн тулаан хийж ялаад буй. Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл Монголынхоо MGL-1 холбооны 2009 оны кик боксын аварга, 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга билээ.
UFC Fight Night: Holm vs. Dumont арга хэмжээний тулаанууд:
- Холли Холм - Норма Дамонт
- Андрей Арловски - Карлос Фелипе
- Эндрью Санчез - Бруно Силва
- Мейнон Фиорот - Майра Буэно Силва
- Данни Робертс - Рамазан Эмеев
- Сижара Эубанкс - Луана Каролина
- Кеннеди Нзечукву - Да Ун Жун
- Марсело Рохо - Даниэл Сантос
- Истела Нунес - Ариана Карнелосси
- Нейт Ланвер - Лудовит Клейн
- Жордан Райт - Жулиан Маркез