-ШАТАХУУНЫ ҮНЭ ДАХИН 130 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХ ҮҮ”
14 хоногийн өмнөх шатахууны нөөцийн хүндрэл өнөөдөр дахин үүсч мөн л нийгмийг бужигнууллаа. Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн байна. Есдүгээр сарын 26-нд БНХАУ-аас 50 вагон шатахуун оруулж ирсэн. Мөн ОХУ-аас 20 вагон шатахуун оруулж ирсэн. Энэ сарын 26-аас хойш БНХАУ-аас 150 вагон нэмж ирсэн. Аравдугаар сарын 2-нд 50, энэ сарын 05-нд дахин 50 вагон явуулсан. Аравдугаар сарын 1-ээс ОХУ-аас өдөрт зургаан вагон явуулж эхэлсэн” гэж мэдэгдсэн ч иргэд өнгөрсөн хоёр өдөр ШТС-иудын гадна урт дугаарлалт үүсгэлээ. Хэт их ачаалал бий болсноор ШТС-иудын шатахуун дуусч улмаар урт дугаарлалт бий болсон гэж албаныхан тайлбарлаж буй. Харин компаниуд шатахууны нөөц багасч буй талаар жиг, жуг хийж цаашид нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Ямартай ч шатахууны хомстолын асуудал Засгийн газрын нэр хүндийг унагаж, толгойны өвчин боллоо. Өнөөдөр маргаашдаа аргалж болох ч цаашид шатахуун олголт хэвийн үргэлжилж чадах уу 30 хоногийн нөөцөө бүрдүүлсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх өдрүүдэд шатахууны үнэ 130 төгрөгөөр нэмэгдэж магадгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хоёр долоо хоногт олгосон шатахууныг компаниуд БНХАУ, ОХУ-аас импортлохдоо өндөр үнээр авсан. Тиймээс одоо үнээ нэмж зарахгүй бол алдагдал хүлээх эрсдэлтэй гэх тайлбарыг хийж байгаа ааж. Тиймээс ирэх өдрүүдэд импортоор ирэх шатахууны үнийг нэмж худалдах талаар ярьж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Түүнээс гадна шатахуун тасалж, ард иргэдийг бужигнуулсан гэх хэрэгт эзэн олж “цовдолж” байж иргэдийн сэтгэл, санааг тайвшруулж, хэл амыг дарах төлөвлөгөө Засгийн газраас чиглэлтэйгээр явагдаж байгаа. Үүнийг Уул, уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар ч ил мэдэгдсэн. Тэдний мэдэгдлийг баталж Ашигт малтмал газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр /2021.10.06/ өгсөн. Энэ бол түүний хүсэлт гэхээс илүү дээрээс ирүүлсэн шахалт гэж хардаж байна.
Цаашлаад Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын тосны асуудал хариуцсан албан тушаалтнуудыг ч үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй гэх мэдээлэл бий. Ямартай ч хагас сарын бужигнааны “гал”-ыг Засгийн газар ийнхүү дарж байна.
-Ц.ЭРДЭНЭБАЯРААС ӨӨР АЛБАН ТУШААЛТАНД Ч ХАРИУЦЛАГА
ТООЦНО ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙНА-
Ирэх долоо хоногийн даваа гаригийн МАН-ын бүлгийн хуралдаанаар /2021.10.11/ шатахууны хомстлын асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцэж хэнд хариуцлага тооцохыг тодорхой болгоно гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн.
Мөн өнгөрсөн сарын 22-ны өдрийн /2021.09.22/Засгийн газрын хуралдааны хуралдааны дараа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл хийх үеэрээ “Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хариуцлага тооцох үүрэг өгсөн. Хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг манай яам дотроо ярьж шийдээд буруутай гэж үзэж байгаа албан тушаалтандаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайд даалгасан” гэж мэдэгдсэн. Тэгэхээр Ц.Эрдэнэбаяраас өөр албан тушаалтанд мөн дээрх асуудлаар хариуцлага тооцож мэдэхээр байгаа юм.
Угтаа бол шатахууны нөөцөө нэгэнт барчихсан мөртлөө “Хомстол огт үүсээгүй. 28 хоногийн нөөцтэй” гэж Ц.Эрдэнэбаяраар хэлүүлж иргэдийн ТЭВЧЭЭРИЙН УТСЫГ тасрах хүртэл гүрийж байсан Г.Ёндон сайд, Засгийн газар ч үүнд буруутай. Хариуцлага хүлээхдээ тулбал нөөцөө бүрдүүлж чадаагүй Г.Ёндон сайд өөрөө хариуцлагаа хүлээх ёстой юм.
Бүхэл бүтэн улс атлаа иргэдээ гудамжинд “гаргасан” энэхүү үйлдэл нь Засгийн газрын хайхрамжгүй, менежментгүй ажилласны гор. Гэтэл өнөөдөр хэн нэгэн хурган даргаар гал тахиад өнгөрч байна.
Монгол Улс шатахууны хэрэглээнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, үлдсэн 5 орчим хувийг БНХАУ-аас авдаг. Гэтэл Роснефть компани аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо мэдэгдсэн. Мөн БНХАУ-ын талаас захиалсан шатахуунаа тээвэрлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнийгээ ч эрт мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар БНХАУ-аас авах шатахууныг яаралтай татаж авах асуудлыг эртхэн хэлэлцэхгүй цаг алдсан нь үнэн билээ. Ямартай ч МАН-ынхан шатахуун хомстож иргэдийг хүндрүүлсэн асуудлаар нэг хурган даргатай хариуцлага тооцоод өнгөрч байна.