Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид “түлшний карт”-ыг олноор нь ТАРААЖ НҮҮРС хомстоход хүргэжээ

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид “түлшний карт”-ыг олноор нь ТАРААЖ НҮҮРС хомстоход хүргэжээ

Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн айл өрхүүд сайжруулсан шахмал түлшний хомстолд орсон. Иргэд түлшинд олон цагаар дугаарлаж бүр зарим нь гэртээ хоосон буцаж гарт таарснаа түлэхээс өөр аргагүйд хүрсэн нь бодит үнэн. Тэгвэл шахмал түлшний хомстол бий болоход юу нөлөөлсөн бэ. Энэ асуултад бодит мэдээллээр хариулт өгье.

-ТҮЛШНИЙ ХОМСТОЛ БИЙ БОЛОХОД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР НӨЛӨӨЛСӨН-

НЭГД, Үнэ буурсан. Тодруулбал, 2020 оны 10, 11 дүгээр сард нэг шуудай сайжруулсан шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаж байсан. Энэ үеийн борлуулалтын хэмжээ хоногт дунджаар 2141 тонн байсан бол үнийн дүнг 75 хувиар буулгаж шуудайг нь 937 төгрөгөөр худалдаалснаар 3471 тонн болж эрс нэмэгдсэн байна.

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлснөөр хоногт хамгийн ихдээ 4867 тонн, 75 хувь хөнгөлснөөр 5138 тонн-д хүрсэн. Гэхдээ гал түлдэг айлын тоо өөрчлөгдөөгүй мөртлөө хэрэглээ өссөн статистик байна. Энэ статистик нь Н.Тавинбэх сайд нарын хэлдгээр айлууд түлшээ нөөцөлсөн гэх хардлагыг төрүүлэхэд хүргэжээ. Сайжруулсан шахмал түлшний хомсдолын асуудлаар албаныхан өчигдөр /2021.10.05/ түлш борлуулалтын цэгүүдэд ажилласан.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн захирлаар ажилласан байсан М.Ганбаатар хэлэхдээ "Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт сайжруулсан түлшний оочер дугаар тасрахгүй. Түлшний цэгийн тоог 1000, 2000, 3000 цэг нэмээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байна. Түлшний үнийг нэмэх хэрэгтэй. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм бэ" гэсэн юм.

Тэрбээр ингэж хэлсэн нь үнэ хямд учраас айлууд ихээр нөөцөлж хомстол бий болгоод байна гэж хэлж буй агуулга юм. Угтаа сайжруулсан түлшний хямдрал ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл үргэлжлэх билээ.

ХОЁРТ, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр 2021 оны хоёрдугаар сард баруун бүсийн үйлдвэрийг зогсоож, нүүлгэх шийдвэр гарсантай холбоотойгоор дөрөвдүгээр сард үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, нөөц бүрдүүлэхэд асуудал үүссэн. Баруун үйлдвэр үндсэндээ таван сар зогссон.Энэ нь хомстол бий болоход нөлөөлсөн.

Тавантолгой түлш” компанийн захирал Г.Ундармаа энэ талаар хэлэхдээ “Манай компаниас шалтгаалаагүй энэ мэт зогсолт үүсдэг” гэжээ.

Баруун бүсийн дөрөвдүгээр үйлдвэр арванхоёрдугаар сард багтан ашиглалтад орох аж. Ингэснээр үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна. 

-ТҮЛШИЙГ ХЯМД ҮНЭЭР БОРЛУУЛСААР БАЙВАЛ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ ХААЛГАА БАРИНА-

ГУРАВТ, Нийслэлийн 290 мянган айл өрхөд сайжруулсан шахмал түлшний “Сайн карт” олгогдсон бөгөөд үүнээс 220.195 айл өрх байнга ашиглаж байгаа судалгаа байгаа юм. Дээрх 290 мянган картаас 50 мянгыг нь давхардуулж олгосон байсныг цуцалжээ. 

Нэг өрхөд нэг карт байх ёстой ч таван карттай өрх ч олон байгаа нь шалгалтын явцад тогтоогдсон гэх.

Тэд карт бүрийнхээ тоогоор түлш авах нь хомстолд нөлөөлсөн байна. Хамгийн ноцтой нь өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулийн үеэр зарим нэр дэвшигчид тойргийнхоо айл өрхүүдэд түлшний картыг олноор нь тараасан нь дээрх сөрөг үр дагаврыг гарахад нөлөөлжээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан төслийг хариуцдаг Т хүртэл Чингэлтэй дүүрэгт ИТХ-д нэр дэвшихдээ түлшний карт тараасан гэх мэдээлэл яригджээ. Тиймээс үүнийг цэгцлэхээр Нийслэлийн Статистикийн газартай хамтран хорооны хүн амын бүртгэлтэй тулгаж, айлуудад карт өгч эхэлсэн байна.

ДӨРӨВТ, 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг 128 борлуулалтын цэгээр хоногт дунджаар 956.25 тонныг борлуулан ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар борлуулалтын цэгийг 371 болгон цаашид үе шаттайгаар нэмэгдүүлж, 2021-2022 оны халаалтын улиралд 300 айл өрхийн дунд 1 борлуулалтын цэг буюу нийт 600 цэг ажиллуулахаар төлөвлөсөн гэж албаныхан мэдэгдсэн. Энэ долоо хоногт борлуулалтын цэг байгуулах асуудлыг цэгцлэх аж. Борлуулалтын цэгийн тоог нэмээгүй нь иргэдийг олон цагаар дугаарлаж дургүйцлийг нь хүргэхэд нөлөөлсөн.

Төгсгөлд нь хэлэхэд “Тавантолгой түлш” компани нь борлуулалтын орлогоороо санхүүждэг бөгөөд хямдралтай үнээр түлшээ борлуулсаар байвал үүд хаалгаа барихад хүрнэ гэдгийг тус үйлдвэрийн захирал Г.Ундармаа хэлжээ.