Өнгөрсөн сарын 10-15-ны өдөр /2021.09.10-15/ Францын Сенатын гишүүд манай улсад таван өдрийн айлчлал хийсэн. Тэднийг УИХ дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн урьсан юм. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал болсон.
-СЕНАТЫН ГИШҮҮДИЙГ ЭРСДЭЛТЭЙ ГАЗАРТ ОЧУУЛАХГҮЙ БАЙХЫГ УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС САНУУЛЖ БАЙЖЭЭ-
Тиймээс УИХ-ын тамгын газраас ихээхэн ач холбогдол өгч Францын Сенатын гишүүдийг эрсдэлтэй газраар явуулахгүй байж халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахин коронавирусийн халдвараас хамгаалах үүргийг холбогдох албаныханд өгсөн байдаг. Гэтэл харамсалтай үйл явдал болж тус гишүүд коронавирусийн халдвар авч энэ тухайгаа нутаг буцах үедээ мэдсэн гэх мэдээлэл байна.
Монголын талаас тэднийг эмчлүүлэхийг санал болгоход “Бид нутагтаа очиж эмчилгээ, үйлчилгээ авъя. Ямартай ч явах шаардлагатай” гээд явжээ. Энэ талаар хил гааль, нисэхийнхэнд учирлаж ярьсан гэх мэдээлэл байна.
Францын Сенатын гишүүн гэдэг нь манайхаар УИХ-ын гишүүд. Гэтэл тус хариуцлагатай албан тушаалтнууд хаанаас халдвар авав гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Манай улсад тус улсын Сенатын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, гишүүд болох Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар ирсэн юм. Тэд айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, Засгийн газрын гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг зочдыг хүлээн авч уулзана гэсэн төлөвлөгөөтэй байсан.
Мөн фермерийн аж ахуй эрхлэгч айл өрх буюу Дорнод аймагт зочлон, хонины ноосоор органик бордоо үйлдвэрлэж экспортолдог үйлдвэрээр орж Онцгой байдлын ерөнхий газарт очин Францын хөнгөлөлттэй зээлээр агаараас аврах 111-р ангийг байгуулах төслийн явцтай танилцана гэж байв. Цаашлаад ХСҮТ, ШУА, МУИС, тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газраас сурахаар одогсод” номын нээлтэнд оролцоно гэсэн мэдээллийг тухайн үед айлчлалыг зохион байгуулагчид түгээж байлаа.
-ТЭД ХСҮТ-Д АЖИЛЛАЖЭЭ-
Хамгийн тодорхой мэдээлэл байгаа нь Сенатын гишүүд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж тус эмнэлгийн удирдлагууд болон ажилчидтай уулзсан юм. Уулзалтад тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү өөрөө оролцсон. Уулзалтаар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оношилгооны чадамжийг сайжруулж мэргэжилтэн сургах, судалгааны ажлыг бүхий л талаар дэмжин ажиллахаа Сенатын гишүүд илэрхийлж дараагийн онлайн уулзалтаар ажлаа нарийвчлан хэлэлцэхээр тогтжээ.