Өнөөдөр /2019.09.04/ УИХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаан 11 цаг 30 минут орчимд эхэлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуралдааны эхэнд зарчмын зөрүүтэй заалтууд дээр санал хураана.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар болон Ажлын хэсгээс гаргаад буй.
Өнгөрөгч баасан гарагийн хуралдаан шөнийн 23 цаг хүртэл үргэлжилж, цаг орой болсон гэдэг шалтгаанаар чуулганыг хаан, ирэх лхагва гараг буюу өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.