ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор өөрийн цахим хуудаст байр, сууриа илэрхийлсэн зарим иргэдийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон Твиттер орчинд “Элийрэгч” нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга нарыг Тагнуулаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олон нийтэд түгээд байна. Тэднийг ТЕГ-т дуудаад зогсохгүй Ц.Уянгын фэйсбүүк хаягийг блокложээ. Мөн сүүлийн өдрүүдэд Орос, Монголын харилцааны талаар идэвхтэй байр, сууриа илэрхийлж байсан сэтгүүлч Т.Болдын 5000 найзтай, 15 мянган дагагчтай есөн жил хөтөлсөн фэйсбүүк хуудсыг нь хакердсан байгаа юм.
Иргэн Г.Ганбатын хувьд сүүлийн үед өөрийн фэйсбүүк хуудаснаа “Путины энэ удаагийн айлчлал ажил хэргийн гэхээсээ илүү баяр ёслолын шинж чанартай болох бололтой. Ганц ширхэг шинэ, ярлыктай цамц аваад Орос руу орж чадахгүй гуч, дөчин хувийн татвар, хүнд суртлаар дарамтлуулж хил гааль дээр нохой мэт үзэгддэг байж бас оросуудыг ах гэж үхэртэнэ. Наад оросууд чинь юу гэдэг гээч. Тахиа бол шувуу биш, Монгол бол гадаад биш гэдэг юм шүү дээ. Монгол, Орос улсын худалдааны эргэлт нэг тэрбум доллар. 950 сая доллар нь Монголын импорт, Орос манайхаас бараг юу ч авдаггүй, өндөр татвартай юм чинь бид дахиад нэг тэрбумын бараа Оросоос нэмж авдаг болох гэж байна уу. Надад лав харь гүрний цэрэг техник манай нутаг дэвсгэр дээгүүр шоудаж, гайхуулж байгаа нь гоё санагдсангүй. Цуваагаар нь танк хил давуулж оруулж ирээд л, Улсын нийслэлийнхээ дээгүүр харийн сөнөөгч нисгээд л, Путин ирнэ гэж ажлын өдрийг амралтын болгоод л. Монгол бол Тува, Буриад, Халимаг биш шүү. Ийм юм хийж пялдагдаж байгаа хүмүүс цаашдаа цалингаа тэр Оросоосоо авбал зүгээр байх шүү. Орос улс яагаад Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, хил дамнадаггүй, Монголын дотоодод урсацтай Эг, Шүрэн, Орхон голуудын усан цахилгаан станц барих төслүүдийг гацаагаад байгааг Путиныг ирэхээр асуух хэрэгтэй” гэгчлэн бичиж байжээ.
Харин Ц.Уянга мөн л дээрхтэй адил сэтгэгдлээ өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.
Тэдний бичсэн зүйлийг хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгасан, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэн Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ.
Харин иргэн Ц.Ганбат энэ талаар “БЗД-ийн 25-р хороонд байх манай гэрт өөрсдийгөө ТЕГ-ын ажилтнууд гэж танилцуулсан хоёр хүн орж ирээд намайг хайж асуугаад “Путины талаар янз бүрийн юм бичээд дипломат харилцаанд халдаад байна” гэж бичжээ.
Ц.Уянгыг ч мөн ТЕГ-ын хайж ажилтнууд нь гэрт нь очсон байна. Бид түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Түүнийг өмнө нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр өөрт нь мэдэгдэлгүйгээр Зөрчлийн тухай хуулиар хоёр сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэрийг гаргасан. Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийдвэр гаргаад зогсохгүй түүний фейсбүүкийг хаалгаж, твиттер хуудсыг хаах хүсэлтийг ч мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан билээ.
-ТАГНУУЛЫНХАН ГЭРИЙН ГАДАА ИРЭЭД ДУУДСАН. БИ ХОЛ ЯВЖ БАЙСАН УЧРААС ОЧООГҮЙ-
- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Путины айлчлалтай холбогдуулан цахим орчинд бичсэн байр, суурь тань таныг ТЕГ-т шалгуулахад хүрсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
- Тийм. ТЕГ-ын гаргасан гомдлын дагуу ЦЕГ-ын ажилтнууд миний утас руу залгаад “Танай гэрийн гадна байна. Та бидэнтэй уулзаж байцаалт өг” гэсэн. Би гадуур явж байсан учраас очих боломжгүй гэдгээ хэлсэн. Танай гэрийн цонх гэрэлтэй байна, гарч ир гээд байсан. Гэртээ байсан ч 22.00 цагаас хойш дуудаж байцаалт авах эрхгүй, нохойгоо салхилуулаад хол явж байна гэж би хэлсэн. Ямар учиртай, яагаад ингэж байгааг нь асуухад “Путины айлчлалтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр сөрөг зүйлийг удаа дараа бичсэн байна. Наад үйл ажиллагаагаа зогсоо” гэж хариулсан. Сөрөг зүйл бичсэн гэж хэлж буй нь ямар учиртай юм. Хуулийн зүйл, заалтын дагуу хүнийг дуудах ёстой биз дээ. Хүнийг ойлгомжтой үндэслэлээр буруутгах ёстойн дээр ажлын цагаар хуулийн дагуу дуудаад тайлбарлах ёстой гэж хэлсэн. Гэтэл “Бид шаардлага тавьж байна. Шаардлага тавьж буй хүмүүсийг загнаж харьцдаг юм уу чи” гээд л хувийн чанартай хэрүүл хийж байна лээ.
-Путины айлчлалтай холбоотойгоор та яг ямар утгатай зүйлийг бичсэн юм бэ?
-Бичсэн зүйлүүдийн яг аль нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлснийг би мэдэхгүй байна. Би иргэн хүн. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээгээгүй. Путиныг алья, буудъя гэж би бичээгүй. Орос, Монголын найрамдалт харилцаанд сөргөөр нөлөөлөх яг юу хийсэн юм бэ. Путин мандтугай гэж бичсэн байна гэж намайг буруутгаж байна лээ. Ингэж бичихэд Үндэсний аюулгүй байдалд яаж нөлөөлсөн юм. Ерөнхийдөө айлгаж, дарамталж, амыг нь хаах гэж байгаа юм уу эсвэл Оросын талаас Путины талаар муу,муухай зүйл бичиж буй үйлдлийг зогсоо гэж хэлсэн юм уу бүү мэд. Ганц намайг өдөөд байгаа юм болов уу гэж бодсон чинь үгүй байна. Хэд, хэдэн хүнийг яг ийм шалтгаанаар шалгахаар болсон гэсэн. Уг нь тэд миний дэргэд бодитой зүйл бичсэн байна лээ. Миний хувьд “Хоёр улс хамтарч ялалтын ойгоо тэмдэглэлгүй яахав. Бид хувь нэмрээ оруулалгүй яахав. Гэхдээ цэрэг, зэвсэг, танк хилээр оруулж ирээд л хот суурин газрын дээгүүр хууль зөрчиж онгоц нисгээд л түгшүүртэй байна. Оросын цэрэг, зэвсэгийн сүр хүчийг үзүүлэх баяр юм уу эсвэл дайны хүйтэн жилүүдийг давж энхтайванд хүрснээ харуулах мөч юм уу. Баяр шиг биш дайн байлдаан шиг санагдаж байна” гэсэн утга бүхий зүйл бичсэн. Хүмүүстэй ч сошиолд маргасан. Тэгээд л шалгаж байх шиг байна. Бид бол ардчилсан, бие даасан, төвийг сахисан улс.
-АЙЛГАНА ГЭЖ БОДООД БАЙХ ШИГ БАЙНА. ТИЙМ ЗҮЙЛ БАЙХГҮЙ-
- ТЕГ-ын шалгалтын үйл ажиллагаа цааш яаж үргэлжилнэ гэнэ?
-Маргааш ирж мэдүүлэг өг гэсэн. Би өмгөөлөгчтэйгээ ярилцсан. Аль хуулийн зүйл, заалтаар дуудаж буй нь мэдэгдэхгүй байгаа учраас очих шаардлагагүй гэж өмгөөлөгч хэлсэн. Тийм учраас би очоогүй. Гэрийн гадаа ирээд намайг дуудсаны дараахан би фэйсбүүктээ болж буй үйл явдлын талаар бичсэн. Тэгсэн тэр даруйд нь фэйсбүүк хуудсыг минь блоклосон. Өмнө нь Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдлаа гээд блоклож байсан. Энэ удаа мөн дахиад 30 хоногоор хаачихлаа. Олон нийтийн сүлжээн дэхь үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн эрх рүү нэлээн хүндхэн халдаж байна. Иргэн бүр ардчилалын зарчмыг хамгаалахад оролцохгүй бол үнэхээр хэцүү цаг ирсэн байна. Айна гэж бодоод байх шиг байна. Энэ Ерөнхийлөгч, Засгийн газрын үед Ардчилсан нийгэмд амьдрахад ихээхэн сорилт тулгарч байгаа аж. Өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй.
-АРДЧИЛАЛД МАШ ТОМ ШАЛГУУР ТУЛГАРЛАА-
-Хууль, хүчний байгууллагын яг энэ үйлдлийг хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хүлээн авч байх шиг байна. Энэ бол иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан үйлдэл мөн үү. Хэрвээ цаашид хүмүүсийг ийм шалтгаанаар шалгаад байвал аюултай юм биш үү?
-Монгол улс олон улсын бүхий л ардчилсан тулгуурт зарчмуудыг дэмжин нэгдэн орсон. Түүний хамгийн том зарчим бол хүний үзэл, бодлоо илэрхийлэх эрх. Илэрхий ална, тална гэж хэлээгүй тохиолдолд дотоодынхоо хууль тогтоомжоор иргэнийг нухчин дарах зорилгоор шийтгэл оногдуулах ёсгүй. Улс төрчид зөвхөн няцаах, бодит мэдээллийг тайлбарладаг болохоос өөрийг нь шүүмжиллээ, тэс өөр хандлага гаргаж байна гэдгээр нь иргэнийг шийтгэж болохгүй. Хүнийг хууль эрх зүйн процсестт оролцуулахгүйгээр, шударга шүүхээр хангуулахгүйгээр шийтгэл оногдуулж байна. Иргэний эрхээ хамгаалах эрхийг хааж, боосон. Хоёр иргэн хоорондоо маргалдсан бол яав гэхэв. Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн нэрээр бус Ерөнхийлөгчийн тамгын газар, ТЕГ-ын нэрийг ашиглан иргэнийг шийтгэж байна. Хүн бүр ухаантай байх албагүй шүү дээ. Сошиалд бодол санаагаа илэрхийлснийх нь төлөө хуулийн байгууллагаар далайлган айлгах, залхаах, хашраах зорилготой л ажиллаж байна уу гэж харж байна. Эхлээд бид нарыг шийтгэчихвэл бусад нь айгаад амаа хамхичихна гэж бодож ажиллаж байна гэж хардаж байгаа. Ардчилалд нэлээн том шалгуур, сорилт ирлээ. Бид нарын сонгосон эрхийг маань хамгаалахаар төрд төлөөлөн ажиллаж байгаа хүмүүс эсрэгээрээ бидний эсрэг ажиллаж байгаад харамсаад байна. Тийм учраас л би өдий хүртэл тэмцэж байгаа юм. Гэмт хэрэг хийсэн байсан ч ийм бурангуй ёсоор шийдэхгүй. Цаазаар авах ялтай этгээд ч шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрхтэй. Гэтэл надад ч мэдэгдэлгүйгээр шийтгэсэн. Энэ бол Үндсэн хуулийнхаа заалттай зөрчилдөж байгаа юм. Тэгээд иргэн ч биш төрийн байгууллага нь иргэнтэйгээ заргалддаг. Гүтгэн доромжлоогүй, заналхийлээгүй зүгээр л шүүмжилсний төлөө, сэтгэлд нь нийцээгүй, таалагдаагүйн төлөө хүмүүсийн амыг хаахаар ажиллаж байвал тийм зүйл байхгүй шүү. Надад Х.Баттулга гэдэг хүнтэй холбоотой, хамаатай, өшөөтэй асуудал байхгүй. Тиймээс би энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрвээ хүлээн зөвшөөрчихвөл иргэний үүргээ умартаж байна гэсэн үг. Би ардчилалаас ухарч буй үйлдлийг уриалж, жишээ болгож болохгүй гэсэн үүргийнхээ дагуу л явж байна. Ардчилалсан оронд иргэн хүн ингэж хохирч болохгүй гэдгийг биерээ үлгэрлэж харуулах зорилготой байгаа. Түүнээс ажлаа алдсан, адал явдалд дуртайдаа ингээгүй шүү дээ.
-Тагнуулаас таньд албан мэдэгдлийг бичгээр гардуулна гэж хэлсэн үү. Эсвэл утсаар залгаад л байцаалт өгөхийг шаардаж хэлсэн юм уу?
- Албан бичиг өгөөгүй. Хүн өөрийнхөөрөө солиорох эрхтэй биз дээ. Хэн нэгнийг гүтгээгүй, доромжлоогүй, эрх ашгийг хөндөөгүй бол ингэж болохгүй. ЦЕГ-ын ажилтнууд “Танайх тэр байр, хэдэн давхар, хэддүгээр хаалга биз дээ” гэж хэлсэн. Намайг айлгаж, дарж авахын тулд хууль бус юу ч хийгээ билээ гэдэг утгаар нь олны анхааралд энэ талаар оруулж байгаа юм. Итгэлтэй хуулийн тогтолцоотой орон биш учраас би анхаарлыг сошиолд тавиад байгаа юм. Миний фэйсбүүк хаягийг гурав дахиа хааж байна. Сонгуулийг угтуулж өөрийг нь шүүмжилдэг хүмүсийг хүчээр дарж нухчих зорилготой байж магадгүй гэж харж байна. Болохгүй бүтэхгүй асуудлыг хараад дуугүй суухгүй хүмүүсийн амыг хаах зорилготой байж магадгүй гэж хардаж байна. Ер нь төрийнхнөөс асуудал тавьж болохгүй л болгоод байна.