ШУУД ҮЗЭХ: Хоёр улсын Ерөнхийлөгч хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

ШУУД ҮЗЭХ: Хоёр улсын Ерөнхийлөгч хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч хэлэлцээгээр ярих байсан бүх сэдвээ хоёр Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр нийтдээ 11 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Тиймээс хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Манай улс ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд мөн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг 2009 онд байгуулсан билээ.

Харин өнөөдөр хамтын харилцаа нэг шат ахиж, бүх салбарт хамтран ажиллахад ахиц гарлаа.

-ОХУ-ЫН 100 ТЭРБУМ РУБЛИЙН ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙГ ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМД ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА-

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллээ.  Тэрбээр "Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.

Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, сая гарын үсэг зуран баталгаажууллаа" гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна.

Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлчийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.  Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байгаагаа уламжилж байна.

ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна. 

Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ. 

Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ" гэв.

Хоёр улсын  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд гарын үсэг зурсан баримт бичгүүд:

-Ашигт малтмал, Газрын тосны салбар дахь хамтын ажиллагаа

-Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа

-Хоёр улсын “Монгол Шуудан”, “Орос Шуудан” компаниудын  стратегийн хамтын ажиллагаа

-“DBM ассет менежмэнт” компани, ОХУ-ын “Шууд хөрөнгө оруулалтын сан” хооронд хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудал

-Хил гаалийн үйл ажиллагааг сайжруулах зэргээр 10 баримтад гарын үсэг зурсан юм.