Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ шөнө тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирлээ.
Тэрбээр нэг өдрийн айлчлал хийж байгаа юм. Түүний айлчлал албан ёсоор өнөөдөр эхэлж буй бөгөөд 13.00 цагт Сүхбаатарын талбайд угтан авах ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч “Хүндэт зочин”-ы дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын гэрэл зураг татуулах юм байна.
Мөн Монгол, Оросын Ерөнхийлөгчид 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. Түүний айлчлалыг 270 гаруй хэвлэл сурвалжилж байна.