БИДНИЙ ТУХАЙ: Оросын компаниуд Монголын нутагт цахилгаан станц байгуулах сонирхолтой байгаа

БИДНИЙ ТУХАЙ: Оросын компаниуд Монголын нутагт цахилгаан станц байгуулах сонирхолтой байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилж байна. Тэрээр өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтжээ.

Харин Оросын мэдээллийн ТАСС агентлаг айлчлалын бүрэлдэхүүнд Оросын эрчим хүчний хэд хэдэн компанийн төлөөлөл багтаж байгааг онцолсон байна. Тухайлбал, En+Group, “Интер”, “Роснефть”, “Росгидро”, “Технопромэкспорт” компанийн төлөөлөл ирж байгаа ажээ.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР АНХААРЛЫН ТӨВД БАЙНА-

Хойд хөршийн  тэргүүний айлчлалын үр дүн юу байх вэ, ямар хэлэлцээр хийх вэ гэх асуудал олны анхаарлыг хамгийн их татаж буй. Дээр дурдсанчлан томоохон компаниудын төлөөлөл Монголд ирж байгаа нь цаанаа учиртай. Оросын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн салбарынхан багц хэлэлцээрүүд байгуулах юм байна.

Ушаковын мэдээлснээр, Оросын хэд хэдэн цахилгаан эрчим хүчний компани Монголын нутаг дэвсгэр дээр цахилгаан станц байгуулах, шинэчлэх сонирхолтой байгаа гэнэ.

Тухайлбал, “Росатом” компани цөмийн эрчим хүчний судалгаа, технологийн төв байгуулах төлөвлөгөөтэй” хэмээн Ерөнхийлөгчийн зөвлөх Ушаковын үгийг эш татан мэдээлсэн байна. Тус компани өмнө нь Дорнод Ураны ордод сонирхлоо илэрхийлж байсан билээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан сайтад тавигдсан мэдээллээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Мөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөж байна” гэжээ.

Тэгвэл хойд хөршийн хэвлэлүүдэд айлчлалын талаар “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг бид орос нөхөдтэйгөө хамт тэмдэглэнэ. Энэ бол Монгол улсын хувьд маш чухал үйл явдал. Монгол, Оросын дайчид хамтран манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалсныг бид хэзээ ч мартаж болохгүй” гэж ярилаа, “Путины айлчлалын талаар Монголын УИХ өнгөрсөн долоодугаар сард хэлэлцсэн” хэмээн мэдээлсэн байв.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин  2020 оны тавдугаар сард Улаан талбайд болох Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг урьжээ. Мөн 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ, Хятад, Энэтхэг, Орост айлчлах хүсэлтэй байгаа талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байлаа. Тухайлбал, “Известия” сайтад “Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Владимир Путинтай хоёр удаа уулзсан. Тэд Будапештэд болсон жүдогийн ДАШТ-ий үеэр болон Дорнын эдийн засгийн форумын үеэр уулзалдаж байв” гэжээ.