О.Баасанхүү: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод, сонгуулийг өвөл хийх гээд байна

О.Баасанхүү: УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод, сонгуулийг өвөл хийх гээд байна

Өнгөрөгч Баасан гарагт буюу наймдугаар сарын 30-нд УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан. Тухайн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “төмсөгдүүлсэн” санал хураалт явуулж байна гэж шүүмжлэн чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд  мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр хэлэхдэээ, “Өчигдөр /2019.08.29/ чуулганы хуралдаанд 60 орчим гишүүд ирж оролцсон. Дэгийн тухай хуулиар хоёр янзын хууль явж байгаа. Нэг нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл нөгөө нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл. Зөвшилцөх ажлын хэсэг гэсэн нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож байна. Ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч ажиллаж байгаа. Уг нь хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгчийн бараа бологч жижигхэн залуу З.Энхболд энд үгээ хэлээд, тэмдэглээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэг рүү ороод явж байх ёстой. Гэтэл  бүгдийг нь “төмсөгдчихсөн”.

49 ЖДҮ-чин, 60 тэрбум, концессчин, хүн амины хэрэгтэн гээд намын даргынхан хэлснээр тэр хүмүүс нь энд суугаад Үндсэн хуулийг хэлэлцэж байна. Хуучин буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг батлахдаа 400 гаруй депутатууд төслийн заалт тус бүр дээр 10 минут үг хэлж хэлэлцэж баталсан. Гэтэл МАН-ынхан гэнэт бүлгийн хурлаа зарлаж гишүүдийнх нь нэг нь ч төслийн заалттай холбогдуулан үг хэлж, асуулт асууж болохгүй гэдэг чиглэл өгсөн. Эд нар УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод арваннэгдүгээр сарын 26 нд буюу Тусгаар тогтнолын өдрийн 108 жилийн жилийн ой болохтой холбогдуулан тусгаар тогтнолоо баталгаажуулах 108 гишүүн гэж хэлээд сонгууль хийх гэж байсан. Эд нар сонгуулийг өвөл хийх гээд байна. Үүнийг хэвлэлийнхэн ч мэдэж байгаа, сонгууль болох гэж байгаа юм уу гээд асууцгаагаад л байсан.

-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,

-Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,

-Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,

-Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа нь ШХАБ-аас болсон шүү. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч давуу эрхтэй болно. Үүнийг нь хэлсэн хүн бүхэн рүү ямар нэгэн байдлаар дайрч байна" гэв.