Монголын боксын холбооны удирдах зөвлөл энэ сарын 08-ны өдөр /2021.09.08/ хуралдаж, ОУХМ, МУГТ Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасан, ирэх аравдугаар сард Белград хотод зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.
Харин Э.Цэндбаатар багшаасаа уучлалт гуйж, ДАШТ-д оролцох боломж олгохыг хүссэн өргөдлийг хоёр хоногийн өмнө /2021.09.15/ Монголын үндэсний олимпын хороо болон Боксын холбоонд гаргасан билээ. Тэрбээр “Намайг энэ удаа л ДАШТ-д оролцуулж өгөөч” гэж гуйсан юм. Улмаар Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн шуурхай хурлаар түүний өргөдлийг хэлэлцэж, Э.Цэндбаатарыг О.Тулгатай өрсөлдүүлэн ялсныг нь ДАШТ-д явуулах шийдвэр гаргаснаа өчигдөр /2021.09.16/ мэдэгдлээ.
Хэрэв Э.Цэндбаатар ДАШТ-д оролцоод, алтан медаль авбал 100 мянган ам.долларын шагнал авах юм.
Тодруулбал, хоёр хоногийн өмнө Олон Улсын Боксын Холбоо /AIBA/-оос эрэгтэйчүүдийн боксын ДАШТ-ны мөнгөн шагналын санг 2,6 сая ам.доллар /7 тэрбум орчим төгрөг/ гэж зарласан байна.
Ингэхдээ;
- Алтан медаль хүртсэн тамирчин тус бүрд 100 мянган ам.доллар /285 сая орчим төгрөг/
- Мөнгөн медаль хүртсэн тамирчин тус бурд 50 мянган ам.доллар /142,5 орчим сая төгрөг/
- Жин тус бүрийн хоёр хүрэл медальтанд 25 мянган мянган ам.доллар /71,2 сая орчим төгрөг/ өгөх аж.
Энэ нь AIBA-ийн 75 жилийн түүхэн дэх хамгийн өндөр шагналын сан ажээ. AIBA-ийн шагналын сангийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мөн үүгээр зогсохгүй ДАШТ-ээс медаль хүртвэл Монголын Засгийн газраас сар бүр цалин өгнө. Тодруулбал, олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар болгон урамшуулал болгон 500 мянгаас 4 сая төгрөг олгох зарлигийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 онд гаргаж байв.
Уг зарлигийн дагуу
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөг /сар бүр/
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөг /сар бүр/
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөг /сар бүр/ олгогдох юм.
Сербийн нийслэл Болград хотод болох ДАШТ-ийг 10 -р сарын 24 -өөс 11 -р сарын 26 -ны хооронд “Štark Arena”-д зохион байгуулах тов гарсан билээ. Харин Э.Цэндбаатар, О.Тулга нарын тулалдаан аравдугаар сарын 3-нд болох талаар мэдээлэл бий.