ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатарыг улсын шигшээ багаас хасч ирэх аравдугаар сард Сербийн нийслэл Блеград хотод болох ДАШТ-нд оролцуулахгүй гэж мэдэгдсэн. Улмаар түүний жинд сорилго тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулгыг оролцуулахаар болсон билээ.
Тэгвэл Э.Цэндбаатар тус ДАШТ-нд оролцох хүсэлтээ өнөөдөр /2021.09.15/ Монгол Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тамирчдын комиссын дарга, Гавьяат тамирчин Д.Отгондалай нарт өгөхөөр МҮОХ-нд очиход тэд ажил дээрээ байсангүй. Улмаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарын хэвлэлийн төлөөлөгчид төлөөлүүлэн өглөө.
Тэрбээр энэ үеэрээ, “Би өөрийгөө хэн болохыг харуулмаар байна. Энэ миний хамгийн сүүлчийн ДАШТ. Дараа нь ямар ч эргэлзээгүйгээр мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Токиогийн олимпод намайг ялсан Оросын тамирчин ДАШТ-д 60 кг-д оролцоно. Түүнийг ялж, даагаа нэхмээр байна” гэлээ.