Ж.Наранхишигт: Аутизмтай охиныг минь туслах багштай хичээлд оролцуул, эсвэл сургуулиас гарга гэсэн

Ж.Наранхишигт: Аутизмтай охиныг минь туслах багштай хичээлд оролцуул, эсвэл сургуулиас гарга гэсэн

Өнгөрсөн жил “Монгол Од” сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцаж төгссөн Хөнгөн хэлбэрийн аутизмтай Г.Сүндэръяа охиныг энэ жил сургууль нь хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Шинэ хичээлийн жил хэзээ хэзээгүй эхлэх гээд охин бусдын адил хувцас хунар, хичээлийн хэрэгслээ бэлдүүлэн гэгэлзэн дэрвэж байхад наймдугаар сарын 28-ны өдөр тус сургуулийнхан аав руу нь утсаар залгаж дээрх мэдээг дуулгасан байна.

Бяцхан охиных нь бусдын адил сурах, нийгэмших эрхэнд халдаж ялгаварлан гадуурхсанд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. Энэ талаар бид Г.Сүндэръяа охины эмээ Ж.Наранхишигттэй уулзаж тодрууллаа.

-АНГИЙН БАГШ НЬ “ЭНЭ ЖИЛ Г.СҮДЭРЪЯАГ МАНАЙ АНГИД ӨГВӨЛ БИ АЖИЛЛАХГҮЙ” ГЭЖ ХЭЛСЭН-

-Олон нийтийн цахим сүлжээнд таны ач охиныг “Монгол Од” сургууль хүлээж авахаас татгалзсан тухай мэдээлэл тархсанаар олны бухимдлыг төрүүлээд  байна. Яг юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ганц хүү минь хоёр хүүхэдтэй. Хоёр ачын минь том нь хөнгөн хэлбэрийн аутизмтай гэдгийг эмч нар тодорхойлж байсан юм. Ач охин минь 2018 онд “Монгол Од” сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан юм. Анх сургуульд орж байхад бид охиныхоо талаар хэлж тайлбарласан. Тухайн үед сургалтын менежерээр ажиллаж байсан н.Энхцэцэг гэх эмэгтэй “Танай охиныг аваад сургаад үзье. Бид нийгмийн хариуцлагыг нэгдүгээрт тавьдаг. Би өөрөө сэтгэл зүйч хүн учир харьцаад үзье” гэж хэлээд ач охиныг минь элсүүлэн авч байлаа. Гэтэл ач охин минь бусдын адил хичээлдээ явах гээд бүх бэлтгэлээ базаагаад байтал сургуулиас нь гэнэт танай охиныг авахаа болилоо гэж мэдэгдээд байна. Бид багшид нь ямар цэцэгтэй очих вэ гэж хүртэл яриад сууж байсан шүү дээ.   

-Хэзээ та бүхэнд мэдэгдэв?

-Наймдугаар сарын 28-ны өдрийн орой буюу 5 цагаас хойш  аав руу нь утсаар ярьж хэлсэн байсан. Ийм мэдээлэл сонссон аав нь их бухимдсан. Охиндоо маш их хайртай, охиныхоо асуудалд эмзэг ханддаг. \уйлав.сурв\ Ганц миний ач охины асуудал биш юм. Монголын нийгэмд миний охин шиг гадуурхагдаж байгаа хичнээн олон хүүхэд байгаа бол гэдэг эмгэнэлтэй. Төр, засаг энэ асуудалд анхаарал хандуулаасай.  

-Танай охиныг сургуульдаа элсүүлж авахгүй гэх шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байна вэ?

-Танай охинтой ажиллахад багш нь маш их ядардаг. Үүнээс болж ангийн багшийнх нь ажлын үзүүлэлт бусад багш нараас хамгийн муу гарсан. Бас цалин нь буурсан юм гэнэ лээ. Тиймээс ангийн багш н.Бадам нь “Энэ жил Г.Сүндэръяаг манай ангид өгвөл би ажиллах боломжгүй” гэж хэлсэн гэсэн. Мөн сургуулийн захирал нь “Ганцхан н.Бадам багш биш, бусад багш нар ч танай хүүхдээс төвөгшөөж байгаа. Энэ хүүхдийг авах шаардлага байхгүй. Зохих сургуульд нь өг” гэх мэт зүйлүүдийг ярьсан байсан. Бид охиныхоо асуудалд маш эмзэг ханддаг. Ганц хүүгийн минь охин, миний анхны ач охин хэвийн биш байна гэдэг хэцүү. Охиных нь ирээдүй яах бол гэхээс эцэг, эхийнх нь сэтгэл зүй асар хүнд байдаг. /уйлав.сурв/

-“ХҮҮХДЭЭ МАНАЙ СУРГУУЛИАС ГАРГА. ЭСВЭЛ ХҮҮХДИЙГ ТАНЬ АНХААРАХ ТУСЛАХ БАГШ ОЛЖ ХӨЛСӨЛ” ГЭХ ХАЧИН ШААРДЛАГА ТАВЬСАН-

-Багшийнх нь ажлын үзүүлэлт буурч муудсанаас танай хүүхдийг хүлээж авахаас татгалзсан хэрэг үү?

-Тийм. Багшийнх нь ажлын үзүүлэлт муудаж, цалин нь буураад ирэхээр манай хүүхдийн асуудлыг хөндсөн гэж бодож байна. Цалин тухайн багшийн амьдралд асар чухал. Ангид нь асуудалтай хүүхэд байгааг сургуулийн удирдлага яагаад ойлгож болохгүй гэж. Н.Бадам багшийн ажлын үзүүлэлт доогуур гарсан гэсэн. Тэгвэл н.Бадам багшийн ямар ямар ажлын үзүүлэлтүүд Г.Сүндэръяагаас шалтгаалж буурсныг тайлбарлаж өгөхийг бид хүссэн юм. Гэтэл ангийн тохижилт зэрэг бас бус зүйлийг тайлбарласан. Ангийн тохижилт хийхэд Г.Сүндэръяа ямар хамаатай юм бэ.

-Сургуулийн удирдлагуудад хэлж, хандаж үзэв үү. Ямар тайлбар өгч байна вэ?

-Сургуулийн захирал нь “Хүүхдээ манай сургуулиас гаргаж ав. Эсвэл хүүхдийг тань анхаарах туслах багш олж хөлсөл” гэж хэлсэн. Ийм хачин шаардлага бидэнд тавьсан. Ер нь “хүүхдээ гаргаж ав” гэсэн утга бүхий үг юм билээ л дээ. Хатуухан хэлэхэд миний охиныг амьдрахгүй үхсэн нь дээр гэсэнтэй адилхан биз дээ. Г.Сүндэръяатай хамт сурахыг хүсэхгүй байгаа гэх шалтгаанаар дөрвөн хүүхэд сургуулиасаа гарах өргөдлөө өгсөн гэсэн. Миний охиныг гаргахыг хүсч байгаа бас нэг шалтгаан нь энэ юм. Нэг хүүхдийн төлбөр 4 сая төгрөг. Тэгэхээр ач охиноос маань болж дөрвөн хүүхдийн 16 сая төгрөгийн төлбөрийг сургуулийн удирдлагууд алдахыг хүсэхгүй байгаа байх. Эцсийн эцэст боловсролын байгууллага бизнесийн байгууллага болж байгааг харж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар суурь боловсролыг үнэгүй олгох ёстой. Мөн хүнийг ялгаварлан гадуурхах нь үндсэн хууль зөрчиж байгаа ноцтой асуудал юм.

-Ангид нь хичнээн сурагч суралцдаг вэ?

-20 сурагчтай. Өнгөрсөн хавар ангиараа “Найрамдал” зуслан явсан. Охиноо нийгэмшүүлж, анги хамт олонтой нь байлгах гээд аль болох хоцроолгүй би хамт дагаж явдаг юм. Тэтгэвэртээ гарчихсан ажилгүй хүн шүү дээ, би.  Асуудал гаргачих вий гээд л алсаас харж ажиглана. Яг тэр үед би нэг уйлж билээ. Тухайн үед ангийнх нь зарим охидууд “Нөгөө Сүндэръяагийн галзуу нь хөдөлж байна шүү. Энэ чинь гурван настай хүүхдийн галзуу өвчтэй байхгүй юу” гэцгээхэд нь тэсгэлгүй уйлсан. Томчууд л хүүхдүүдэд тэгж ойлгуулж, тэд нар нь эргээд Сүндэръяад тэгж ойлгуулж байна. Нялх амьтад юу ойлгох вэ. Аутизм бол өвчин биш, эмгэг юм. Эмгэг өвчнөөс ялгаатай.

Сургууль нь хүлээж авахаас татгалзсан тухай цахим орчинд нийтэлж олон нийтэд цацсаны дараа багш нар нь биднийг хүүхдэдээ анхаарал тавьдаггүй байсан мэтээр бичиж дайрч байна лээ.  Зарим хүмүүс багштайгаа нүүр тулж уулзаагүй байж олон юм бичлээ гэж зэмлэж байсан. Би ангийн багштай нь хоёр цаг гаруй уулзсан.

-ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НЬ ЗАГНАЖ, АНГИАС ТҮЛХЭН ГАРГАЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Багш нар ач охиныг тань илтэд ялгаварлан гадуурхсан тохиолдол гарч байв уу?

-Миний охин англи хэлэндээ сайн. Хүүхэлдэйн киног өөрөө шууд л тайлбарлана. Гадаад хүн явж байхыг харвал “Hello” гээд гүйгээд л оччихдог юм. Дуулж бүжиглэх их дуртай. Дуулаад л байдаг. Гэтэл дуу хөгжмийн хичээл дээр жаахан хөдөлгөөнтэй байсных нь төлөө дуу хөгжмийн багш нь загнасан юм билээ. Тэгээд уйлж гарч ирсэн байдаг.  Хамгийн анх 1Б бүлэгт элсэн орсон. Тухайн үед босоод яваад байхаар нь багш нь томоотой суу гэж загнаад ангиасаа түлхэн гаргасан ч тохиолдол бий. Тэр үед бид хэл ам татлаагүй. Анх хүлээж авсан  сургалтын менежер н.Энхцэцэг асуудлыг зөвөөр ойлгон, ярилцаж “Би танай охиныг өөр ангид оруулж өгье” гээд Б бүлэг рүү шилжүүлж байлаа. Ач охин минь юунд дуртай, ямар хүүхэд болохыг бид багш нараас нь асуувал тэд хариулж чадахгүй. Өнгөц хараад түүгээрээ дүгнэлт хийж, энгийн хүүхдүүдтэй адилхан сурч чадахгүй гэж бусдад ойлгуулж болохгүй шүү дээ.  

-Тусгай сургуульд нь өгөхгүй, яагаад заавал энгийн сургууль руу хүүхдээ зүтгүүлээд байгаа юм бэ гэж асуух хүмүүс мэр сэр байгаа нь анзаарагдсан. Үүнд ямар хариулт өгөх вэ?  

-Ингэж асуух хүмүүс бий. Тусгай сургуульд нь явуулж болно л доо. Гэхдээ өөр шиг нь ярьдаггүй олон хүүхдүүд бие биенээсээ юу сурах юм бэ. Одоо бүрэн бүтэн өгүүлбэр хэлж чаддаггүй ч гэлээ наад зах нь “баярлалаа, ойлголоо” гэх мэтээр хэлдэг болчихсон байна. Хүний ярьж байгааг бүгдийг нь ойлгодог. Би н.Бадам багшид “Чи миний ач охинд юм сургаж чадсангүй, сурахгүй байна” гэж битгий бодож, эмзэглээрэй гэж хэлсэн. Бид юм эрдэм ном сургах гэж биш нийгэмшүүлж, яриулж сургах гэж энгийн хүүхдүүдийн дунд байлгаад байгаа юм шүү дээ. Уншаад, ойлгоод сурчихвал сайн л хэрэг.  

-Сургуульд элсэхээсээ өмнө нь ямар цэцэрлэгт явдаг байв. Ялгаварлан гадуурхагдах асуудал гарч байв уу?

-Улсын 160 дугаар цэцэрлэгт гурван настайгаасаа эхэлж явсан. Энэ  хугацаанд багш нар төвөгшөөсөн, ялгаварлан гадуурхсан асуудал ер гарч байсангүй. Цэцэрлэгээс сургуульд шилжин орсноор жижигхэн уснаас том далай руу орж байгаатай адил өөрчлөлт миний охины сэтгэл зүйд нь гарсан байх. Түүний хувьд цоо шинэ ертөнц байсан. Сургуульд ороод гарч, орж гүйх нь хүртэл чөлөөтэй гэж ойлгож биеэ авч явахад нь олон асуудал тулгарсан байх. Тэр болгоныг өөрөө давсан. Багш нь анхаарсан. Ангийнх нь хүүхдүүд ч ойлгож, дассан. “Ангийнх нь найзууд Г.Сүндэръяатай яаж харьцахаа мэддэг болчихсон байхад одоо яаж орчныг нь дахин солих юм бэ” гэж хэлж үзсэн. Эхний нэг жил багшид нь мэдээж хүнд л байсан байх. Энэ зун миний охин их өөрчлөгдөж, сайжирсан. Удаан уулзаагүй ах дүү нар минь Г.Сүндэръяаг мундаг болжээ гэдэг юм. Тиймээс багшид нь өнгөрсөн жилийнх шиг хүнд байхгүй байх гэж бодсон. Бид охиноо бусдаас дутахгүй эрдэм мэдлэгтэй болгож сургаад өг, хичээлийг нь программын дагуу заасангүй гэх мэт шаардлага тавиагүй. Зүгээр л ангид нь байлгаж, найз нөхөд, ангийнхаа хүүхдүүдтэй нь ярилцаж сургахыг л хүсч байгаа. Хүүхдээ нийгэмшүүлэх нь бидэнд чухал байна. Өөрийгөө бусдад ойлгуулах түвшинд нийгэмшчихвэл болох нь тэр.  

-Цаашид яая гэж бодож байна вэ?

-Энэ асуудал шийдэгдтэл явна. Цаашид холбогдох байгууллагуудад нь шат дараатайгаар хандана гэж бодож байгаа.  




Өнөөдөр туулай өдөр

19 цагийн өмнө