“Улсын цирк”-ийг 2008 онд хувьчилж, Асашёорюү Д.Дагвадоржоор ахлуулсан баг менежментийн шинэчлэл хийх тендерт ялж, “үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй” гэх заалттай гэрээ байгуулж байсан түүхтэй. Тэгвэл 16 жилийн дараа өнгөрөгч намар “Аса Арена” нээлтээ хийж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлсэн. Гэвч монголын циркчид өнөөдөр “Аса Арена”-д орох эрхгүй, баригдаад 100 жил болж буй “Бөмбөгөр ногоон” театрт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
ВИДЕО:
ЦИРКЧИН Ч.БАЯНМӨНХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА 7-8 ЦИРКИЙН ГРУПП "БӨМБӨГӨР НОГООН"-Д ЭЭЛЖИЛЖ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА
“Бөмбөгөр ногоон”-д та бүхэн хэзээнээс бэлтгэл сургуулилтаа хийж эхлэв. Энд хичнээн циркчид бэлтгэлээ хийж байна?
Бидний бэлтгэл сургуулилтаа хийж буй “Бөмбөгөр ногоон” маань 80 гаруй жилийн түүхтэй. Одоо ер нь бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа долоо, найман групп бүгдээрээ энд ээлжилж цаг аваад өдөр бүр бэлтгэлээ хийж байгаа. Энд өвөлдөө их хүйтэн, зундаа агаар салхи ордоггүй. Их хуучных болохоор бидэнд их хүндрэлтэй байдаг. Цирк бол итгэл гэдэг уриан дороо л бие биедээ итгээд найдаад хамгаалалтанд зогсоод л байж байна. Энэ тааз хэзээ ч нурж орж ирэх юм билээ. Бид мэдэхгүй ш дээ. Анхандаа бид чинь гутал хувцасаа солиод, ёсолж мөргөөд бэлтгэлдээ ордог байсан. Одоо бол хүссэн нь орж ирээд гуталтайгаа явж байдаг болсон.
Та бүхэн “Аса Арена”-д бэлтгэл сургуулилтаа хийе гэж хандаж үзсэн үү?
Бид “Аса Арена”-д орж бэлтгэл хийж үзээгүй. Орж ч үзээгүй. Бидний бэлтгэл хийж, байрлаж байгаа газар бол хуучин цирк. Бидэнд олдож байгаа газар нь л энэ. Сүүлд сонсох нь ээ, “Аса Арена”-г хуучны хамгаалалтын багаж хэрэгсэл, заводаар байсан багана, дээшээ татдаг хэрэгсэл зэргийг аваад хаячихсан байсан гэсэн. “Аса” циркийг “Аса Арена” болсныг өвөл мэдсэн. Улсын циркийг хувьчилсан, улсын цирк биш болсон болохоор бид тийшээ очиж бэлтгэл хийе гэж бодохгүй байгаа. Харилцаа үүсгэе ч гэж бодоогүй. Хүний юм бол хүний л юм. Бид тэнд тоглоё гээд монголын циркийн жүжигчид гээд яваад очихоор “ямар хандах вэ” гэдгийг бид мэдэхгүй. Түрээс мөнгө нь их өндөр гэж сонссон. Хүний юм бол хүний юм. “Аса Арена”-г хувьчилсан болохоор жүжигчид “Бидний оролцоод байх асуудал биш байх. Томчуудын асуудал байх” гэж ойлгодог.
Н.ЭНХБОЛД: БИД "АСА АРЕНА"-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛСЭН
Циркийн сургуулийн багш Н.Энхболдтой ярилцлаа.
Циркийн сургууль маань хэзээнээс энд бэлтгэл сургуулилтаа хийх болсон бэ?
Монгол Улсын консерваторийн Циркийн сургууль маань 85 жил болж байна. Бид бэлтгэл сургуулилтаа “Бөмбөгөр ногоон” буюу хуучин цирк дээрээ хийдэг байсан. Зургаа, долоон жилийн өмнөөс Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо буюу 7 буудалд байрлах циркийн хувийн сургуульд бэлтгэлээ хийдэг болсон. Энэ бол монголд байгаа ганц зориулалтын зал юм. Дээшээ 12 метр өндөр, хүнд даацын хана, дээрээс зүүдэг лоунж-оо авах тоног төхөөрөмж нь бэхлэгдсэн байдаг учраас энд мэргэжлийн хичээлээ ордог.
Монгол Улсын Консерваторийн Циркийн сургууль “Аса Арена”-тай хамтран ажиллах санал хүргүүлсэн гэж байсан. Хариу нь ирсэн болов уу?
Ер нь бол “Аса Арена”-тай хамтран ажиллах саналаа явуулсан байгаа. Хариу нь одоогоор ирээгүй байна.
“Аса Арена”-д орж үзсэн үү?
“Аса Арена”-д орж үзээгүй. Ямар ч байсан сошиалаар, зурагтаар харж байхад их л аятайхан болсон харагдаж байна лээ. Яг стандартад нийцэж байгаа юм уу, татлага болон бусад зүйлс нь байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Ард талдаа туслах манеж байгаа. Туслах манеж нь одоохондоо ашиглалтад ороогүй байгаа юм билээ. Тэрийгээ ашиглалтад оруулаад, засаж сэлбээд янзалж болох байлгүй гэж бодож байгаа.
А.ЭНХТӨР: СОЁЛЫН ЯАМНААС БИДЭНД "НОГООН НУУР"-Т ГАЗАР ӨГНӨ ГЭСЭН
“Enkhee Voice” циркийн захирал А.Энхтөрөөс дараах зүйлсийг тодрууллаа.
Циркчид энэ хүнд нөхцөлөөс гарах ямар гарц шийдэл байна вэ?
Та нар ямар байгааг нүдээрээ харж байна. Гэхдээ одоо бид өнгөрснийг эргэж харахгүйгээр урагшаа харья гэж байгаа. Соёлын яамнаас бидэнд “Ногоон нуур”-т газар өгсөн. Гэхдээ тэрийгээ баталгаажуулаагүй байна. Одоо дөрөвдүгээр сарын 15-нд “Дэлхийн циркчдийн өдөр” тохиодог. Энэ үеэр бид “Циркийн 7 хоног” өдөрлөгийг зохион байгуулна. Энэ үеэр Соёлын яамнаас бидэнд өгнө гэж амласан газар дээр очиж өдөрлөг хийнэ. Тэгээд бид ард түмнээсээ тусламж хүсье гэж бодож байна. Ард түмнээсээ хандив цуглуулж, дэлхийгээр тархсан олон монголын циркчид дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байна. Эдгээр хүмүүс рүүгээ хандаж, Монголын бүх ард түмэн нийлж Монголын циркчдийг “орох орон”-той болгож өгөөсэй л гэж хүсч байна. Монголын залуу үе болсон циркчдэд юу үлдээх үү. Ядаж тэнд Соёлын яамнаас бидэнд өгнө гэсэн газар дээр цирк барья гэсэн мөрөөдөлтэй, боломжийг эрэлхийлж байна.
Монголын ард түмний хандиваар боссон хоёр том бүтээн байгуулалт байдаг юм билээ?
Тэгэлгүй яахав. Нэг нь “Монгол бөхийн өргөө”. Нөгөө нь “Мэгжид Жанрайсэг Бурхан” гэдэг юм билээ. 85 жилийн түүхтэй Монголын циркийг байртай болгоё гэхэд монголын ард түмэн татгалзахгүй байх аа гэж бодож байна. Үүнд сэтгэл зүрхнээсээ оролцох болов уу гэж бодож байна.