Ирэх Мягмар гариг /2025.04.01/-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1995 оноос хойш жил бүр нэмэгдүүлж ирсэн байдаг. Тухайлбал, 1995 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9600 төгрөг байсан. Үүнээс хойш жил бүр тогтмол өсгөснөөр 2011 онд 140 мянган төгрөг болгож байв. Түүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байна.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байх тогтоол гаргасан.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосноор 660 мянган төгрөгөөс 89.100 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан иргэн, 792 мянган төгрөгөөс 106.320 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 20 хувиар нэмэгдэж үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа юм. Мөн уул уурхай, барилга, зам тээвэр гэхчлэн тодорхой салбарууд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг.
Үүнд:
- Хүн амын амьжиргааны доод түвшин
- Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
- Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
- Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
- Инфляци хамаарна.