Монголын боксын холбооны бага хурал өчигдөр /2021.09.05/ МАН-ын төв байр Тусгаар тогтнолын ордонд болж, тус холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгосон талаар бид мэдээлсэн.
Х.Нямбаатарын өмнө боксын холбоог Т.Мөнхбаяр удирдаж байсан. Товчхондоо, Т.Мөнхбаяраас Х.Нямбаатар тамгыг нь авсан гэсэн үг. Тэгвэл Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг бөгөөд түүнийг дээр албан тушаалд томилуулсан гэдэг.
Т.Мөнхбаяр нь Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн.
Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч асан Х.Баттулга Засгийн газраас байгуулж буй таван үндэсний хорооны нэг болох “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г ахалж, уг асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон. Энэ бүхнээс харвал Х.Баттулгын хүн Т.Мөнхбаяраас Л.Оюун-Эрдэнийн хүн Х.Нямбаатар боксын холбоог авсан нөхцөл байдал харагдаж байна. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ болон Х.Нямбаатар нар хамаатнууд юм.