БАРИМТ:  Х.Баделхан сайдын гарын үсэг, тамга Турк улсад хулгайлагдсан уу

БАРИМТ: Х.Баделхан сайдын гарын үсэг, тамга Турк улсад хулгайлагдсан уу

Монгол Төрийн нэгэн яамны сайдын гарын үсэг, тамга хулгайлагдан “Засгийн газрын нэрийн өмнөөс 720 сая еврогийн баталгааг нэгэн барилгын компанид гаргаад өгчихсөн”-өө өөрөө ч мэдээгүй явж байгаа тухай мэдээллийн баримт олон нийтэд ил болоод байна. Тодруулбал, БХБ-ын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн “Эрх бүхий баталгаа” гаргах тухай 418 тоот тушаалын баримт юм.

Тухайн баримтад “2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018080303 дугаартай Чингэлтэй дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг, 2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018050312 дугаартай Баянгол дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг гэсэн хоёр санамж бичгийг үндэслээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Барилга, хот байгуулалтын яам нь энэхүү баталгааг цуцлагдах болон гурав дахь биед дамжигдах нөхцөлгүйгээр доорх гарын үсгээр баталгаажуулж байна.

Энэхүү эрх бүхий баталгаа бичгээр Монголын үндэсний хүмүүнлэгийн хорооноос санаачилсан төсөл хөтөлбөрийн хүрээнд, гэрээнд заасан үүргийн дагуу “Ган Инвест” компани нь төлбөрийг бүрэн барагдуулахыыг батлан дааж байна. Буцах төлбөр тооцоо нь ямар нэгэн татвар суутгалаас чөлөөлөгдөнө. Буцаан төлөлтийг улс төрийн болон төр, захиргааны байгууллагаас болж саатуулагдахгүй байхыг батлан дааж байна” гэжээ.

Ингэхдээ сайдын гарын үсэг, тамга, улс төрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөхгүй байх, ямар ч татвар суутгал төлөхгүй байх зэрэг эрх ямбыг багтаажээ.

Эл баримтууд дээр Х.Баделхан сайдын гарын үсэг дурайж байна. Гэтэл БХБ-ын сайдын туслах “Сайдын гарын үсэг биш” болохыг хэлээд буй. Харин Х.Баделхан сайд өөрийн нь гарын үсэг тамга хулгайд алдагдсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар өгсөн ч өдгөө таг чиг байгаа аж. Тэгвэл тус яамныхан юу ч мэдэлгүйгээр Засгийн газар, түүнийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд 720 сая еврогийн баталгааг үл мэдэгдэх нэгэн компанид гаргаад өгчихсөнөө өөрсдөө ч мэдээгүй болж таарч байна.

Харин эл хэрэг явдлыг Монгол Улсаас Турк улсад суугаа, элчин сайд, Тагнуулын дарга асан Р.Болд мэдээгүй юу, мэдсэн ч чимээгүй суусаар байгаа юу гэдэг асуулт гарч байна.

“Улсын бүртгэлийн мэдээлэлд “Ган инвест” бус “Ган инвест трейд” ХХК.РД: 6320708 компани гэх бүртгэл мэдээлэлтэйгээ байгаа аж. Тус "Ган-Инвест" РД: 2547619 компани 2008 онд татан буугджээ. Төрийн яамны сайдын тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн, засгийн газрын нэрийн өмнөөс татан буугдсан компанид баталгаа гаргасан эзэн хэн бэ гэдэг ноцтой асуудлыг хэн хэрхэн шалгаж байгаа нь ч ноцтой юм.