-УГ БАЙР УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСНААС ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ЦУУРЧЭЭ-
Орхон аймгийн 17-р сургуулийн хичээлийн II байрны хана, тааз нурж, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсээд байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хүүхдүүд хичээллэх байргүй хүндрэлд оров. Тус хичээлийн байранд 17-р сургуулийн бага ангийн сурагчид хичээллэхээс гадна 22-р цэцэрлэгтэй холбогдсон өргөтгөлд нь хоёр бүлэг хичээллэдэг юм.
Уг барилгыг 2015 онд “Урагшлах” ХХК орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд 2016 оны арванхоёрдугаар сард дуусгажээ. Ингээд 2017 оны нэгдүгээр сард Улсын онцгой комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан ч хоёрхон жилийн дараа цууралт өгч эхэлсэн гэх мэдээлэл байна.
Ийнхүү бага, багаар цуурсаар өнөөдрийн байдлаар хүүхэд суралцах ямар ч боломжгүй болон хаагдаад байна.
-БАЙР, СУУРЬ: ХИЧЭЭЛ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДҮГНЭЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА-
Сургуулийн захиргаа “Танхимын хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй” гэж мэдэгдсэн бол Орхон аймгийн хотын захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бусад холбогдох байгууллагууд барилгын нуралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Харин 17-р сургуулийн сурагчдийн эцэг, эхчүүд “Тухайн хичээлийн байр цууралт өгөөд удаж байна. Хоёр жилийн өмнө л ан цав гарчихсан байсан. Эцэг эхчүүд болон багш нар байнга холбогдох газарт нь хандаж байсан боловч авч хэлэлцэхгүй байсаар өнөөдөр нурааж ахин барихаас өөр аргагүй байдалд хүрлээ” гэсэн юм.
Бид өчигдөр “Урагшлах” ХХК захирал н.Гүнширтэй холбогдож энэ талаар тодруулахад, “Өмнө нь сургууль, цэцэрлэгт ус алдуулж хамар ханыг нь суулгасан. Сургуулийн өмнөх захирал н.Болдсүх ч мэдэж байгаа. Ус сувгийнхан ирж бөглөөг нь гаргахад шалан дороос нь их хэмжээний ус гарсан. Гэхдээ Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахад аль талынх нь буруу гэдэг нь тодорхой болно. Би нөхцөл байдлыг тодорхойлуулна” гэсэн юм.
-20 ГАРУЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХООР МАТЕРИАЛАА ИЛГЭЭЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл нээлттэй дата мэдээллээс үзвэл "Урагшлах" ХХК 2006 онд үүсгэн байгуулж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн харьяатай аж. Хувьцаа эзэмшигч үүрэг гүйцэтгэгчээр Сономын Гүншир гэх иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягийн аав аж. Г.Мөнххуяг нь тус компанийн гүйцэтгэх захирлаар 2006 онд ажиллаж байсан байна. Гэвч одоогоор тодорхой үйл ажиллагаа явуулахгүй татан буугдсан гэж мэдэгджээ. Тус компани улсын хэмжээнд нийт 20 тендерт оролцож материалаа илгээжээ.
Ингээд
-Цахилгаан хог тээврийн /1-1,5тн даацтай/ /4ш/ машин нийлүүлэх 200 саяын тендерт
-Хүүхдийн эмнэлгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Мөрөн сум/ 8.7 тэрбумын өртөгтэй гэх мэт хэд, хэдэн тендерт шалгарч байжээ.