ВИДЕО: Афганистанаас явахыг хүссэн иргэд Кабулын онгоцны буудлаар дүүрч, эмх замбараагүй байдал үүсжээ

ВИДЕО: Афганистанаас явахыг хүссэн иргэд Кабулын онгоцны буудлаар дүүрч, эмх замбараагүй байдал үүсжээ

Өчигдөр/2021.08.15/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, 20 жилийн дайнд ялалт байгуулснаа зарласан. Засгийн газрын цэргүүд тэдэнд эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Афганий ерөнхийлөгч Ашраф Гани ордноо орхин явж, уг шийдвэрээ “энгийн иргэдийн цусыг урсгахгүйн тулд” хэмээн тайлбарласан юм.

Улмаар Талибан хөдөлгөөнийхөн өөрсдийн “Исламын Эмирт Афганистан Улс”-ыг дэлхий дахинд зарлах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнээс хойш тус улсад эмх замбараагүй байдал өрнөсөөр байна.

-УЛС ОРНУУД ЭЛЧИН САЙДЫН ЯАМ, ИРГЭДЭЭ ТАТАЖ ЭХЛЭВ-

Талибанчууд Засгийн газрын ордныг эзэлсний дараа Их Британи, АНУ тэргүүтэй орнууд Элчин сайдын яам, иргэдээ яаралтай татаж эхлэв. Өчигдөр үүрээр АНУ-ын элчин сайдын яамны ажилчид болон тус улсад ажиллаж, амьдарч байсан энгийн иргэдээ Кабулаас нүүлгэн шилжүүлсэн.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “ЭСЯ-ны бүх ажилчдыг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн. Элчин сайдын яамны бүх ажилтан Хамид Карзайн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд байрладаг бөгөөд АНУ -ын арми тус нисэх буудлыг хамгаалтад авсан” гэжээ.

Гэвч ОХУ Элчин сайдын яамаа одоо хүртэл нүүлгэн шилжүүлээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Афганистан дахь тусгай төлөөлөгч Замир Кабулов хэлэхдээ "ЭСЯ-аа нүүлгэн шилжүүлэх ажлыг бэлэн болгоогүй байна. Би элчин сайдуудтайгаа холбоо барьсан. Тэд тайван ажиллаж, үйл явдлыг ажиглаж байна. Талибанчууд Оросын ЭСЯ -ны аюулгүй байдлыг баталгаажуулсан. Афганистанд суугаа ОХУ-ын Элчин сайд Дмитрий Жирнов Талибаны төлөөлөгчидтэй уулзаж, Оросын дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлын талаар ярилцах болно” гэжээ.

ОХУ өмнө нь Талибан бүлэглэлийг “террорист байгууллага” гэж тодорхойлж байсан боловч Кремлийн засгийн газар Москвагийн дипломат бага хурлын үеэр тус бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзсан юм.

-АФГАНИСТАНААС ДҮРВЭХИЙГ ХҮСЭЖ БУЙ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХЫН ТУЛД 20 ГАРУЙ УЛС УРИАЛГА ГАРГАВ-

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас олон сая Афганчууд эх орноосоо дүрвэхийг оролдож байна. Кабулын олон улсын нисэх онгоцны буудал эх орноосоо дүрвэх гэсэн Афганчуудаар дүүрчээ. Гэвч ням гарагийн өглөө Кабулаас бусад орон руу нисэх бүх нислэгийг цуцалсан юм.

АНУ Элчин сайдын яамны ажилтан, иргэдээ татан авахаар илгээсэн онгоцонд Афганчууд суухыг оролдож, багагүй үймээн дэгджээ. Гэвч Америкийн цэргүүд тэдгээр иргэний түрэлтийг зогсоосон юм. 

Афганчуудаас гадна тус улсад гацсан олон сая гадаадын иргэд байгаа юм. Тэдгээр иргэн болон Афганы иргэдийн аюулгүй байдлыг хангахыг одоогоор 20 гаруй улс нэгдэж, уриалаад байна. АНУ -ын Төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд “Хэрэв Афганистанчууд болон бусад орны иргэд тус улсаас явахыг хүсэж байгаа бол Талибанчууд зөвшөөрөх ёстой. Зам, нисэх онгоцны буудал, хилийн боомтыг нээлттэй байлгаж, тайван байдлыг хангах ёстой” гэжээ.

Уг мэдэгдлийг Австрали, Австри, Багам, Бельги, Буркина Фасо, Канад, Чили, Колумби, Коста Рика, Кот -д'Ивуар, Чех, Дани, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Сальвадор, Эстони, Дээд төлөөлөгч Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого, Микронезийн Холбооны Улс, Фижи, Финланд, Франц, Гүрж, Герман, Гана, Грек, Гватемала, Гайана, Гаити, Гондурас, Исланд, Ирланд, Итали, Япон, Латви, Либери, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Маршаллын арлууд, Мавритани, Науру, Нидерланд, Шинэ Зеланд, Нигер, Норвеги, Палау, Панама, Парагвай, Польш, Португал, Катар, БНСУ, Бүгд Найрамдах Кипр, Румын, Сьерра Леон, Словак , Словени, Испани, Суринам, Швед, Того, Тонга, Уганда, Их Британи, Украин, Йемен улсууд дэмжихээ илэрхийлж, уриалгад нэгдээд байгаа аж.

-ТАЛИБАНЧУУД ГЭЖ ХЭН БЭ-

Талибан ("сурагч” гэсэн утгатай) нь Афганистаны пуштунуудын дунд 1994 онд бий болсон Ислам буюу лалын шашны тулгуур үзэл бүхий хөдөлгөөн юм. Уг хөдөлгөөн нь Афганистанд үүсч дэлгэрсэн бөгөөд 1996 оны 9 сараас 2001 оны 12 сар хүртэл Афганистаны Исламын Эмират нэртэй Улсын засгийн газрыг бүрдүүлж байв. Тухайн үед тус улсыг Пакистан, Саудын араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. 2003 оноос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Талибаны хөдөлгөөнийг “террорист байгууллага” гэж тодорхойлсон.

Талибаны албан ёсны шашин бол ашхаризм хэмээх исламын шашны нэгэн урсгал юм. Талибанчуудын үзэж байгаагаар энэхүү үзэл сурталтай санал нийлэхгүй байгаа хэн бүхний “төөрөлдсөн хүн” гэж үздэг. Тэдний хяналтад байдаг нутаг дэвсгэрт Талибанчууд Шариатын хэм хэмжээг нэвтрүүлдэг бөгөөд хэрэгжилтэд хатуу хяналт тавьдаг.

Хоригт: телевиз, хөгжим, хөгжмийн зэмсэг, дүрслэх урлаг, согтууруулах ундаа, компьютер, интернет, шатар, цагаан гутал (цагаан бол Талибанчуудын далбааны өнгө юм), гэх мэт зүйлс багтдаг. Үүгээр ч зогсохгүй эрэгтэйчүүдэд тодорхой заасан урттай сахал тавихыг шаарддаг. Харин эмэгтэйчүүдийн эрх бүр ч хязгаарлагдмал. Эмэгтэйчүүдийг ажил хийх, эрэгтэй эмч нараар эмчлүүлэх, олон нийтийн газар нүүр царайгаа ил гаргах, нөхөр аль эсвэл эрэгтэй хамаатангүйгээр гадаа гарахыг хориглодог. Мөн эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших боломж маш хязгаарлагдмал байдаг.

Талибанчуудын үйлдсэн террорист халдлагууд:

  • 2008 оны 1-р сарын 14-нд Талибаны дайчид Кабул дахь зочид буудалд халдаж, 6 хүний​​аминд хүрсэн.
  • 2009 оны 10-р сарын 8-нд Энэтхэгийн Кабул дахь ЭСЯ-ны гадаа амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлжээ. 17 хүн алагдаж (2 цагдаа, 15 энгийн иргэн) 80 гаруй хүн шархаджээ. Талибан хөдөлгөөний төлөөлөгчид халдлагыг зохион байгуулсан гэж хариуцлагыг хүлээжээ.
  • 2009 оны 10-р сарын 28-ны өдөр Кабул дахь зочид буудалд Талибанчууд халдлага үйлдэж, НҮБ-ын 6 ажилтан амь үрэгдэж, 9 хүн шархаджээ.
  • 2009 оны 12-р сарын 28-нд олон мянган шийт мусульманчууд Ашурагийн шийтүүдийн гашуудлыг тэмдэглэхээр тэнд жагсаж байхад Карачи хотын төв гудамжинд амиа золиослогч өөрийгөө дэлбэлж 43 хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн шархаджээ. Пакистаны Талибанчууд террорист халдлага зохион байгуулсны хариуцлагыг хүлээсэн.
  • 2010 оны 8-р сарын 6-ны өдөр Афганистаны Бадахшан мужид Талибанчууд Афганистанд эмнэлгийн тусламж үзүүлж байсан олон улсын христийн байгууллагын Олон улсын тусламжийн төлөөлөгчийн газрын зэвсэггүй арван ажилтныг устгажээ. Амиа алдсан хүмүүсийн дунд зургаан америк, нэг англи, нэг герман, хоёр афган байсан.
  • 2010 оны 9-р сарын 3-нд Палестинчуудыг дэмжих олон улсын өдрийн хүрээнд Кветта хотод болсон жагсаал дээр дэлбэрэлт болж, 54 хүн амиа алдаж, 197 хүн шархаджээ. Пакистаны Талибан бүлэглэл халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгджээ. 2010 оны 11-р сарын 5-нд Пакистаны Дарра Адам Хел хотод баасан гаригийн мөргөл үйлдэж байх үеэр амиа золиослогч сүм хийдэд өөрийгөө дэлбэлжээ. Наад зах нь 50 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. Пакистаны Талибан бүлэглэлтэй холбоотой бүлэглэл дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээжээ.
  • 2010 оны 11-р сарын 11-нд Карачи дахь цагдаагийн байрны ойролцоо мина ачааны машин дэлбэрчээ. 20 орчим хүн алагдаж, 100 гаруй хүн шархаджээ. Пакистаны Талибан бүлэглэл халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгджээ.
  • 2011 оны 3-р сарын 9-ний өдөр Талибаны эсрэг тэмцэгчийн эхнэрийг оршуулах үеэр амиа золиослогч Пешавар хотын захад өөрийгөө дэлбэлжээ. 40 хүртэл хүн нас барж, 60 гаруй хүн шархаджээ.Довтолгоог зохион байгуулсан хариуцлагыг Пакистаны Талибанчууд хүлээжээ
  • 2011 оны 10-р сарын 31-ний өдөр Кандагар хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлж НҮБ-ын 3 ажилтан, орон нутгийн цагдаагийн дарга болон бусад хэд хэдэн хүний ​​аминд хүрсэн. Халдлагыг зохион байгуулсан хариуцлагыг Талибанчууд хүлээжээ. 2012 оны 9-р сарын 4-ний өдөр Афганистаны Нангархар мужид оршуулах ёслолд амиа золиослогч бөмбөг дэлбэлж дор хаяж 20 хүн алагдаж, 50 гаруй хүн шархаджээ. Халдлагын хохирогчид бүгд энгийн иргэд байжээ. Талибан хөдөлгөөний төлөөлөгчид халдлагыг зохион байгуулах хариуцлагыг хүлээжээ.
  • 2014 оны 1-р сарын 17-нд амиа золиослогч Кабул дахь Ливан хоолны газрын гадаа өөрийгөө дэлбэлжээ. 21 хүн амь үрэгдсэний дотор НҮБ-ын 4 ажилтан. Талибан хөдөлгөөний төлөөлөгчид халдлагыг зохион байгуулах хариуцлагыг хүлээжээ.
  • 2018 оны 1-р сарын 20-нд зэвсэгт этгээдүүд Кабул дахь "Интерконтиненталь" зочид буудалд халдаж, 18-43 хүний ​​аминд хүрсэн бөгөөд тэдний дотор 7 Украйны иргэд байжээ. Халдлагын хариуцлагыг Талибанчууд хүлээжээ.

Эх сурвалж: BBC, France24, Guardian, CNN