БШУЯ хичээлийн хоцрогдлыг арилгах ГУРВАН жилийн төлөвлөгөө боловсруулжээ

БШУЯ хичээлийн хоцрогдлыг арилгах ГУРВАН жилийн төлөвлөгөө боловсруулжээ

Бүх шатны боловсролын байгууллагууд үүд хаалгаа хааж, цахимаар хичээллэх болсон цагаас хойш даруй хоёр жил өнгөрчээ. БШУЯ-наас энэ жилийн есдүгээр сарын нэгэнд аль болох танхимын сургалтыг нээнэ хэмээн амласан.

Тэгвэл энэ намар  халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан танхимын болон цахим хосолсон сургалт явах боломжтойгоор хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Хэрэв сурагчид танхимаар хичээллэхээр бол ямар цагийн хуваарьтай байх, анги танхимын зохион байгуулалт ямар байх зохицуулалт, хувилбарыг боловсруулсан байна. Жишээлбэл, тав хоног танхимаар хичээллээд дараа долоо хоногт нь зайнаас хичээллэх стратеги хэрэгжүүлэх магадлал өндөр байна. Учир нь халдварын нөхцөл байдал наймдугаар сарын сүүлчээр ямар байхаас шалтгаалан төлөвлөгөөнд өөрчлөлт орохыг БШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдэгдсэн.

Мөн яамнаас хичээлийн хоцрогдол арилгах гурван жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Танхимаар орох тохиолдолд есдүгээр сарын 1-нд хичээлээ хүүхдүүдэд шууд  заахаас илүүтэй хамт олонд нь дасгах, нийгэмд төлөвших нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг хоёр долоо хоног үзүүлнэ. Үүний дараа шинэ хичээлүүдийг үе шаттайгаар эхлүүлэхээр болсон байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө