Б.Дэлгэрсайханы "хөөцөлдөж", БНХАУ-ын компани 49.8 тэрбумаар ТЭЗҮ, зургийг нь хийж буй "Богдхан нүхэн туннел"-ийн төслийг зогсоох асуудлыг ЗГ хэлэлцэнэ

Б.Дэлгэрсайханы "хөөцөлдөж", БНХАУ-ын компани 49.8 тэрбумаар ТЭЗҮ, зургийг нь хийж буй "Богдхан нүхэн туннел"-ийн төслийг зогсоох асуудлыг ЗГ хэлэлцэнэ

Засгийн газрын мега төслүүдийн хүрээнд нийслэл хотод хэрэгжих 25 том төслийн нэлээн дээгүүрт эрэмбэлэгдэж байсан Богдхан уулыг нүхэлж туннель барих, Ган татлагат гүүр барих ажлыг хойшлуулна гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал мэдэгдэв. 

-Н.УЧРАЛ: ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГӨХГҮЙ, ШААРДЛАГАГҮЙ САНХҮҮЖИЛТИЙГ ЗОГСООХООС ӨӨР АРГАГҮЙ -

Тодруулбал, тэрбээр "Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг 4 бүлэгт хувааж, 14 шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэж байна. Эдийн засгийн хөгжлийн яам Богдхан уулыг нүхэлж туннельтэй болгох, Ган татлагат гүүр барих зэрэг ажлыг хойшлуулах байр суурьтай байгаа. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ. Ер нь бол үр өгөөжөө өгөхгүй, шаардлагагүй санхүүжилтийг зогсоохоос өөр аргагүй. Нийслэлийн хэмжээнд Туулын хурдны зам зэрэг бусад төслүүдийг хэрэгжүүлнэ" гэсэн юм. 

Тэгвэл нийслэлийн хэрэгжүүлэх төслүүдээс алиныг нь хэрэгжүүлэх, алиныг нь зогсоох талаар өнөөдрийн /2025.07.02/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж. 

Хөшигийн хөндийн туннел нь 15.2 км урт бүхий 2 эгнээтэй хос туннел бөгөөд Богдхан уулын Их тэнгэрийн амнаас Богдхан уулсын Номтын ам руу барихаар төлөвлөөд байгаа юм. Тэгвэл Богдхан нүхэн туннелийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах тендерт БНХАУ-ын “China design Griup Co Limited” 49.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгараад байгаа. Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Хөшигийн хөндий туннел төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв” нэртэй 55.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд үр дүн нь гарсан. Улмаар уг тендерт БНХАУ, БНСУ, ОХУ-ын зэрэг олон улсын нийт найман компани оролцсоноос “China Design Group Co Limited” шалгарсан юм. Тус компани 2005 онд байгуулагдсан Нанжин хотод төвтэй, 5900 гаруй ажилтантай бөгөөд сүүлийн хорин жилийн хугацаанд Жянсу мужид тээврийн томоохон стратеги төлөвлөлт, урьдчилсан судалгаа хийжээ. Мөн 5000 гаруй километр хурдны зам, 4000 гаруй километр авто зам, 1000 гаруй километр хотын хурдны замын зураг төслийг гаргасан бөгөөд “Жяньин Хөх мөрний гүүр”, “Рунян Хөх мөрний гүүр”, “Сутун Янцэ голын гүүр” болон 1000 метрээс дээш урттай гол дамнасан 200 гаруй том гүүрийн зураг төслийг хийсэн байна. Нэмж дурдахад, Жянсу мужийн бараг бүх дотоод усан зам, усан онгоцны түгжээ, терминал, мөн замын үйлчилгээний бүс, ландшафт, ухаалаг тээврийн хэрэгслийг зохион бүтээжээ. Түүнчлэн “Үндэсний судалгаа, зураг төслийн аж ахуйн нэгжийн судалгаа, зураг төслийн орлогын шилдэг 100” жагсаалтад 2020 оны ENR-ийн 62-р байр "Дэлхийн шилдэг 150 инженерийн дизайн компани"-ийн нэгээр нэрлэгдэж байсан аж. 

-УГ ТӨСӨЛД ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ИХЭЭХЭН АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙВ-

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хувьд дээрх төслийг үр ашигтай төсөл хэмээн үзэж байсан бөгөөд эсэргүүцэгчид нь дархан цаазат хайрханаа сэтэлж болохгүй гэх суртал ухуулга хийж байна гэж мэдэгдсэн удаатай. Энэ талаар тэрбээр “Та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Богд уулыг нүхэлж гүүр барих үнэлгээний хувьд 5.5 их наядаар барина гэдэг худлаа PR хэргээр явуулаад байна. Би энэ талаар бүтэн жил гаруй судалгаа хийж байна. Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Ухаж төнхөөд битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байна. Богд уулын дээр баячууд хаус бариад, бааж шээж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. Надад хаус байхгүй. Ард түмэнд зөв ойлгуулаасай гэж бодож энэ тухай хэлж байна. Дээр нь гарч сууж байшингаа барьчихаад дархан цаазат уул гээд мөнгө төлөөд PR хийгээд байна. Өөрсдөө Богд уулаа шүтдэг биширдэг гэчихээд энэ хайрханыг ухаж төнхөж тансаг амьдраад болоод байхад ард түмний төлөө юм хийж яагаад болдоггүй юм. Яагаад энэ хүмүүс хийлгэхгүй гэдэг PR явуулаад байна гэхээр би нэг л дүгнэлтэд хүрсэн. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас. Тийшээ туннель гаргачихвал массын үйлчилгээ болж байгаа учраас тав тух алдуулна гэж тэр. Энэ ажлыг хийхэд 5.5 тэрбум биш 700-800 сая ам.долларын л өртөг шаардана. Гэтэл тэр өртгийг хоёр нугалж, зориуд харлуулж, худлаа PR хийгээд байна. Би энэ бүтээн байгуулалтыг хийх гэж явж байгаа хүн тийм худал PR хийхгүй ш дээ” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл түүний ач холбогдол өгөн бизнесийн хамтрагчид нь байж магадгүй БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гэж байсан энэхүү төслийг хойшлуулах саналыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь.  Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Хан Жоу хотод дагуулж очиж тэндхийн гүүр, нүхэн гарцтай хүртэл танилцуулж байлаа. 

“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ажлын хүрээнд, уг гүүрэн байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн санхүүжилтэд шаардлагатай 28.6 тэрбум төгрөгийг Зам, тээврийн сайдын багцад тусгасан байдаг. Уг гүүрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Богдхан уулын Хүрхрээн ам хүртэлх ган татлагатай 6 эгнээ бүхий 4.7 км авто зам, 900 метр урт гүүр, 80 метр урт нүхэн гарц бүхий бүтэцтэй байхаар төлөвлөөд байсан юм.