БАРИМТ: Г.Занданшатар, Б.Жавхлан нар өөрсдийн төсвийг танаагүй атлаа Эрчим хүч, Эрүүл мэндийн салбараас 200-500 тэрбумыг хассан байна

БАРИМТ: Г.Занданшатар, Б.Жавхлан нар өөрсдийн төсвийг танаагүй атлаа Эрчим хүч, Эрүүл мэндийн салбараас 200-500 тэрбумыг хассан байна

Ганцхан сарын өмнө "Төсөвт тодотгол хийх шаардлагагүй" гэж гишүүдийг загнаж суусан Сангийн сайд Б.Жавхлан үнэнд гүйцэгдэж, энэ өдрүүдэд 2025 оны төсвийн тодотголын төсөл болон түүнийг дагалдсан хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байна. 

2025 онд төсвийн орлогыг 33.5 их наядаар тооцсон байсан ч нүүрсний үнэ унаснаас болж 3.3 их наядаар орлого тасалдах тооцоолол гарсан. Тиймээс 2.3 их наядаар зардлагыг бууруулахаас аргагүй болсон нь төсвийн тодотголыг хийхэд хүргэж буй. Тус танахаар төлөвлөсөн 2.3 их наядын 1.8 их наядыг урсгал зардлаас, 500 тэрбумыг бүтээн байгуулалтаас танана. Танагдаж буй урсгал зардалд 14400 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх, хурал, томилолтын зардал зэрэг багтана. Төсвийн тодотголд урсгал зарлагыг дараах зарчмын дагуу бууруулжээ.

-ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН  "ДЦС III"-ЫГ СЭРГЭЭН ЗАСАХАД НИЙТ 77 ТЭРБУМЫГ НЭМЖ СУУЛГАЖЭЭ- 

Үүнд:

  1. Багш, эмчээс бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулахад 261.0 тэрбум төгрөг;
  2. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй уялдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд чиг үүрэг, бүтэц шилжүүлэх 8.4 тэрбум төгрөг;
  3. Төрийн албаны үйл ажиллагааг цахимжуулах, бичиг хэргийг цахимаар хөтлөн явуулах, тавилга, багаж хэрэгсэл худалдан авалгүй тэвчих зэргээр төсвийн байгууллагуудад үйл ажиллагааны зардлын хэмнэлт бий болгох 104.4 тэрбум төгрөг;
  4. Салбаруудад хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний 7 дугаар сараас эхлэн он дуусталх зардлыг хэмнэх, харин 2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж холбогдох төсвийг тусгасан боловч хэрэгжиж эхлээгүй байгаа хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн байдлаар хэмнэх 617.3 тэрбум төгрөг;

2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоолыг Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж баталсан. Уг тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд COP-17 дугаар Бага хурлыг 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгө оруулалтад 41.8 тэрбум төгрөг, мөн Эрчим хүчний сайдын багцад “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид 2025 оны 06 сарын дугаар сарын 03-нд шилжих шөнө гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд 35.5 тэрбум төгрөг, нийт 77.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын зардалд нэмж тусгалаа.

Ингэснээр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8,994.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 612 төсөл, арга хэмжээнд 2,982.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр байна.

-ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС ХАСАГДСАН 500 ТЭРБУМД АЙМГУУДАД БАРИГДАХ ДЭД СТАНЦ, III ДЦС-ЫН ЗАСВАРЫН ТӨСӨВ ХҮРТЭЛ БАГТЖЭЭ-

Тэгвэл 2025 онд хэний төсөв танагдаж, хэнийх нь хасагдаагүй хэвээр үлдсэн тухай мэдээллийг хүргэе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төсөв 694.1 тэрбум төгрөг, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төсөв 8.560 тэрбум, Ерөнхий сайдынх 1.433.5 тэрбум, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн төсөв 9.569.6 тэрбум байх бөгөөд тэдний төсвийг эхнээс нь ингэж төсөвлөж танаагүй үлдээсэн байна.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын төсөв 174 тэрбумаас 36 тэрбум хүртэл, Шадар сайд С.Амарсайханых 56 тэрбумаас 41 тэрбум хүртэл хасагджээ. Үүнд Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн техник, тоног төхөөрөмж багтаж хасагдсан нь харамсалтай. Учир нь өнөөдөр Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас, эдлэл, хэрэгсэл дутмаг байгааг жил тутамд ярьж шүүмжилдэг. Үргэлжлүүлээд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын төсөв 60 тэрбумаас 23 тэрбум хүртэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарынх 144 тэрбумаас 104 тэрбум хүртэл, Батлан хамгаалахын сайд Д.Батлутынх 105 тэрбумаас 65 тэрбум хүртэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарынх 72 тэрбумаас 64 тэрбум хүртэл, Боловсролын сайд П.Наранбаярынх 1.3 орчим их наядаас 439 орчим тэрбум хүртэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирынх 135 тэрбумаас 48 тэрбум хүртэл, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг 3.5 их наядаас 918 тэрбум хүртэл мөн хасагдсан байна. Зам, тээврийн сайдын багцаас хасагдаж буй дүнд маш олон аймаг, сумдад тавих замын ажлын төсөв багтжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын төсвийг 435 тэрбумаас 125 тэрбум хүртэл, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Б.Бат-Амгалангийнх 1 их наядаас 332 тэрбум хүртэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярынх 141 тэрбумаас 56 тэрбум хүртэл, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугарынх 35 тэрбумаас 23 тэрбум хүртэл, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийнх 741 тэрбумаас 229 тэрбум хүртэл, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийнх 357.6 тэрбумаас 123 тэрбум хүртэл тус, тус буурчээ.

Манай улсад эрчим хүчний асуудал нэн тулгамдсан. Өвөл болж цахилгаан, дулааны ачааллыг дийлэхгүй чадлын дутагдалд орон хэрэглээг хязгаарлах үед бүгд Засгийн газар, Эрчим хүчний сайдыг буруутгадаг. Гэтэл энэ чухал салбараас бүтэн 500 тэрбумыг хассан нь анхаарал татаж байна. Уг танагдсан 500 тэрбум төгрөгт аймгийн төвүүдэд баригдаж буй дулааны станцы хэлхээ, дэд бүтэц, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачаалалд ажиллах тархмал дулааны эх үүсвэр барих ажил, Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамж, Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын турбингенератор №9 шинээр суурилуулахад нийт 60 тэрбум хэрэгтэйгээс 15 тэрбумыг, мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын турбингенератор №7 шинээр суурилуулахад 30 тэрбум хэрэгтэйгээс 15 тэрбумыг эхний ээлжинд танаж төсөвлөжээ. Харин Эрүүл мэндтйн салбараас аймгуудын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төви, II эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн их засварын мөнгө зэргийг танажээ.

Монголчуудын эрүүл мэнд, амь насанд нэн тэргүүнд ажилладаг Эрчим хүч, Эрүүл мэндийн салбарын төсвийг ийнхүү хассан атал Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар  өөрийн төсвөө танаагүй байгаа юм. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан өөрийнхөө төсвийг 142.7 тэрбумаас 127.7 тэрбум буюу 20 тэрбумаар л танасан байгаа юм. Гэтэл бусад сайд нараас 100-200 тэрбум хүртэл танажээ. Сайд нарын төсвийг ЭНД дарж унших.