ЗТЯ, Авто тээврийн үндэсний төв ажлаа хийхгүй байгаагаас болж нүүрсний ЭКСПОРТ тасалдах аюултай болов

ЗТЯ, Авто тээврийн үндэсний төв ажлаа хийхгүй байгаагаас болж нүүрсний ЭКСПОРТ тасалдах аюултай болов

Зам тээврийн яам /ЗТЯ/, Авто тээврийн үндэсний төв, Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн онцгой комисс ажлаа хийхгүй байгаагаас болж нүүрсний экспорт тасалдаж, улсын төсөв тасрах аюулд орчихлоо  Ерөнхий сайдаа.

-НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРЧ СҮҮЛИЙН 10 ХОНОГТ НҮҮРС ХИЛЭЭР ГАРГААГҮЙ БАЙНА-

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ хуралдаанаар Зам тээврийн сайд Л.Халтар “Сүүлийн 10 хоногт нүүрс хилээр гараагүй нь үнэн. Цагаан хад, Гашуунсухайтад коронавирусын тархалт их байгаа учир Хятадын тал болгоомжилж татан авалтаа зогсоогоод байна. Одоо Шадар сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн боомт руу явах гэж байна” гэж маш хариуцлагагүй мэдэгдэл хийв. Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан “Энэ онд 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа ч гүйцэтгэл 28 сая тн-д хүрч буурах хүлээлттэй байна” гэж мэдэгдсэн. 

Харин Баянзам тээвэрчдийн холбооноосЦагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтын бүс нутагт халдварын сэжигтэй тохиолдлууд илэрч, хил боомтын асуудал, тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн байдал хүндэрсэн. Гэвч сүүлийн нэг сарын хугацаанд Гашуунсухайт боомтоор гардаг нүүрсний таталтын хувьд 350 машин хүрч ирээд буцаад 50 машин гардаг болсон. Шалтгаан нь Хятадад өгсөн манай жолооч нарын шинжилгээний хариу эерэг гарсан. Эерэг шинжилгээ бүртгэгдээд ирэхээр Хятадын талаас нүүрсний автомашины тоог хязгаарлачихсан. Сүүлийн эерэг гарсан тохиолдлоос хойш гурван хоног Хятад улс хилээрээ нэг ч машин нэвтрүүлээгүй. Сүүлийн долоо хоногт дараалан эерэг гарсан учир Хятадын талаас ердөө 50 машин нүүрс  хүлээн авна гэдгээ мэдэгдсэн. Одоо Цагаан хад бүс дотор 4000-5000 гаруй машин байна. Үүнээс 1900 нь нүүрсээ аччихсан хилээр гарахад бэлэн байна. Өдөрт дөрвөн автобусанд суугаад жолооч нар Хятадын талд шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан нь нүүрсээ ачаад хилээр нэвтэрдэг.

Зарим жолооч нар маань гурван сар, хагас жил хилийн бүст амьдарч, тээвэр хийж байна.

Сая гаалийн талбайгаас нэмж нүүрс ачихгүй гээд хязгаарлалтыг хийсэн. Нүүрсээ ачих гээд 2000 жолооч машиндаа хийх ажилгүй хүлээж байна. Харин нүүрсээ аччихсан 1900 машин өдөрт 50, 50-иараа цувж гарахаар ээлжээ хүлээж байна. Нүүрсний экспортыг голлон явуулж буй Цагаан хад ногоон бүс биш улаан бүс болсон. Цагаан хад бүс нутагт нэг сумын дайны хөдөлгөөн өрнөж байна. Энэ хүмүүсийг хянаж байгаа боловч сэжигтэй тохиолдлуудаа алдаад байна. Тэнд хариуцлагагүй, зохион байгуулалтгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдчихсан.

Цагаан хаданд хатуу хөл хорио тогтоож, цэгцлэхгүй бол Хятадын талаас үнэхээр муу дүн тавьж байна.

Улсын онцгой комисс яаралтай Цагаан хадыг улаан бүс болгон зарлаж, хязгаарлалт тогтоон, ачаа ачихгүй байгаа 2000 жолоочийг орон гэрт нь хариулах хэрэгтэй. Нийт жолоочийн 80 хувь нь Цагаан хадаа түр хаагаад эмх цэгцтэй болгох саналтай байгаа. Ингэж байж Хятадын талд монголчууд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хилээр нэвтрүүлэхэд асуудалгүй болно. Цагаан хад бол хүн тусгаарлаад байх таатай орчин биш. Хэдхэн сендвичэн байшинтай. Ус, цахилгаан байхгүй энэ газар 50, 100-гаар нь хүмүүсийг тусгаарлаад байна” гэсэн юм. Энэ бол албаныхны байр, суурь. Өмнөговьд хил дээр нөхцөл байдал хүндэрснийг илтгэх хөдлөшгүй мэдээлэл.

-ЦАГААН ХАД НОГООН БИШ УЛААН БҮС БОЛООД БАЙНА-

Яагаад БНХАУ-аас хилээ хаав. Цагаан хаданд зохион байгуулалт сул, хяналтгүй байгаагаас үүдэн тэнд коронавирусын халдвар тархсантай холбоотой. Үүнд Авто тээврийн үндэсний төв болон Өмнөговь аймгийн онцгой комиссоос хяналт тавих ёстой. Гэтэл тэд ажлаа хийхгүй байна. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас нүүрсний татан авалтаа аль хэдийнээс багасгасан бөгөөд тухайн үед Монголын тал Цагаан хадан дахь үйл ажиллагаагаа чангатгаж, хяналтаа сайжруулж болох байсан. Гэтэл назгайрч явсаар нөхцөл байдлыг хүндрүүлэв.

Ганц жишээ дурдахад, ногоон бүс байлгахын тулд гаднаас очих жолооч нарыг шинжилгээнд хамруулж, тусгаарлалтад 7 хоног байлгасны дараа Цагаан хад руу оруул гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгасан. Гэтэл хотоос очих жолооч нар тусгаарлалтад оролгүйгээр шууд Цагаан хаданд очиж ажлаа хийж буйгаас болж халдвар тархаад байна. Үүнд Авто тээврийн үндэсний төв болон бусад холбогдох байгууллагууд хяналтаа тавих ёстой ч эсрэгээрээ эзэнгүй мэт орхисон.  Тэр бүү хэл хотоос очиж буй жолооч нар Цагаан хаданд ойртоод тэндээсээ 200 мянган төгрөгийг малчинд  өгөөд мотоциклоор шууд машин дээрээ хүргүүлэн ажлаа хийж буй мэдээлэл бий. Үүнд мөн л дээрх байгууллагууд хяналт тавих ёстой. Тэнд бүх зүйл замбараагаа алдсныг тээвэрлэгчид ярьсаар байна. Үүнээс үүдэн нүүрсний экспорт тасалдахад хүрч 3000 гаруй жолооч машиндаа хоноглож яахаа мэдэхгүй тодорхой байдалд орлоо. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө