ВИДЕО: С зөвшөөрөл тойрсон “авлигал” ба Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээврийн ЗОВЛОН

ВИДЕО: С зөвшөөрөл тойрсон “авлигал” ба Тавантолгой-Гашуунсухайт дахь нүүрс тээврийн ЗОВЛОН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг тээврийн компаниудад бодит хүндрэл тулгарч эхэлсэн мэдээлэл манай редакцид ирлээ. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн хүнд суртал, авлигажсан байж болзошгүй нөхцөл байдлаас болж үндэсний тээврийн компаниуд С зөвшөөрлөө авч чадахгүй тээвэрлэлтээ тасалдуулж санхүүгийн алдагдал хүлээн улмаар компанийнх нь үйл ажиллагаа доголдож эхэлсэн аж.

Коронавирусийн үед аж, ахуй нэгжүүд татвар, ажилчдын цалингаа төлөхөөс эхлээд нэгэнтээ дарамтад байхад Авто тээврийн үндэсний төвөөс нэмж элдэв шалтгаанаар хясан боогдуулж буйг үндэсний тээврийн компаниуд эсэргүүцэж байна. Бид тодорхой шалтгааны улмаас тээврийн компаниудын нэрийг нууцалж буй бөгөөд уг нийтлэлд гарах мэдээлэл нь бүгд эх сурвалжтай болохыг мэдэгдье.

-ХӨХ ХОТЫН АВТО ТЭЭВРИЙН ТАНХИМААС “ТА НАР АВЛИГАЛАА БОЛИО” ГЭЖ ХЭЛСЭН ҮҮ-

Үндэсний тээврийн Х компанид тулгарсан бодит хүндрэл, зовлонг захирал нь ийнхүү ярив. Тэрбээр “С бичгийн зөвшөөрлийг улиралд нэг удаа Авто тээврийн үндэсний төвөөс олгодог. Энэ бол нүүрс тээвэрлэх эрхийн бичиг. Манай компани 60 машиндаа зөвшөөрөл хүсэхэд хамгийн ихдээ 40-д нь авч чаддаг. Янз бүрийн шалтаг зохиож хэлээд 20 машиныг нь хасдаг гэсэн үг. Ингэхдээ улайм, цайм гүтгэдэг. Тухайлбал, танайх машиныхаа аралын дугаарыг цохисон байна гэдэг. Би тэр дугаарыг Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлээс шүүлгэхээр өөр газарт давхардаагүй ганцхан манайд л байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөөцөлдөж гүйгээд албан байгууллагуудын тодорхойлолтоор тулгахаар ямар ч асуудалгүй ганцхан ширхэг байгаа дугаарыг цохисон байна гэж гүтгэсээр байгаад С зөвшөөрөл өгөлгүй хасдаг. Миний хардаж буйгаар ингэж хасаад өөр компанийн машинд зөвшөөрөл олгодог байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, авлигал авч өөр компанийн машиныг оруулдаг гэсэн үг.

За энэ яахав гэхэд, Авто тээврийн үндэсний төвийн буруугаас болж өнгөрсөн улиралд манай компани машинууддаа С зөвшөөрөл авч чадаагүй өнөөдрийг хүргээд байна. Юу болсон бэ гэхээр, Монголын талаас С зөвшөөрлийн бичгийг хэвлээд Хөх хотын Авто тээврийн танхим руу явуулж тамгалуулдаг. Үүний дараа БНХАУ-ын хилээр орж, гарах эрхтэй болно. Өнгөрсөн улиралд БНХАУ талаас 6000 машины биржийн бичигт тамга дарж баталгаажуулна гэж  анхнаасаа мэдэгдсэн. Гэтэл Авто тээврийн үндэсний төвөөс 5400 машины С  зөвшөөрлийн бичгийг тамгалуулахаар эхэлж Хөх хот руу явуулсан. Үлдсэн 600-г нь араас нь салгаж явуулахдаа 1400 машиныхыг нэмчихэж. Хаанаас гаргаж ирсэн 1400 юм бүү мэд. Яагаад зөвшөөрөл олгосон компаниудын бичгийг хоёр хувааж явуулж байгаа юм. Энэ мэт бүх зүйл тодорхойгүй.

Ингээд өөрсдийнх тавьсан шаардлага болох 6000-аас хэтэрсэн учир Хөт хотын Авто тээврийн танхимаас “Та нар авлигалаа болио. Бид нийт 6000 машинд зөвшөөрөл олгоно. Үүнээс 600 үлдсэн. Энэ 600 машины бичгээ өг, өгөхгүй бол бүгдийг нь тамгалахгүй” гэсэн байна.

Сүүлд явуулсан 2000 дотор нь мань мэтийн машинууд орчихсон байна. Өөрөөр хэлбэл Монголын тээврийн компаниудын зөвшөөрлийн бичгийг сүүлд нь явуулсан. Үүний өмнө ихэвчлэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниудынхыг явуулаад асуудалгүй тамгыг нь даруулчихсан мөртлөө үндэсний компаниудыг сүүлд нь явуулж хясан боогдуулж байна” гэсэн юм.

-ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Л.ХАЛТАР “АВТО ТЭЭВРИЙН ХИЙСЭН БАЛИАР АЖИЛ БИДЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ” ГЭЖЭЭ-

Ийнхүү Хөх хотын Авто тээврийн танхим нь манайхаас сүүлд явуулсан 2000 машины С зөвшөөрлийн бичигт тамга дарахгүй гэж гэдийгээд асуудлыг яг одоо гацаагаад байгаа аж. Энэ ч аргагүй. 600 машиныхыг явуул гэж байхад нь Монголын талаас хэтрүүлж 2000 бичиг явуулсан нь асуудал дагуулсан байна. Хамгийн ноцтой нь уг 2000 бичгийн ихэнх нь үндэсний тээврийн компаниудынх гэх. Угтаа компаниуд нэг өдрийн өмнө нь ч болов зөвшөөрлөө авч ажлаа хиймээр байдаг.

С зөвшөөрлөө авч чадахгүй алдагдал хүлээж буй тээврийн компанийн төлөөллүүд Авто тээврийн үндэсний төв дээр очиж дээрх асуудлаар маргаан болоход “Та бүхэн тайван байж бай. Яамнаас хөөцөлдөж байгаа” гэж хариулдаг байна. Хэлснийх нь дагуу хүлээхээр Авто тээврийн үндэсний төв, яамнаас ч хариугүй учир Зам тээврийн сайд Л.Халтартай уулзаж нөхцөл байдлаа учирлажээ. Гэтэл өмнөөс нь “Авто тээврийн үндэсний төвийн хийсэн балиар ажил бидэнд ямар хамаатай юм бэ" гэж хэдэрлэсэн байх юм. 

Ингээд мөн л бүх зүйл тодорхойгүй. Яам, Авто тээврийн үндэсний төв асуудлыг хоёр бие рүү гээ шидэж байх хооронд компаниуд алдагдал хүлээсээр. Одоог хүртэл хариу өгч, хариуцах хүн үгүй байсаар. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл олгохтой холбоотой журмыг баталсан. Журамд С зөвшөөрөл хүсч буй аж, ахуй нэгж, компаниудад доорх шаардлагыг тавьдаг.

ТОДРУУЛБАЛ,

  • Жолооч нарыг нийгмийн даатгалыг төлөх,
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулах,
  • Машины засварын төв,
  • Жолооч нарыг амрах байр, кемпээр хангах,
  • Инженер техникийн ажилчидтай байх ёстой гэх зэрэг.

Гэтэл энэ шаардлагыг хангаагүй компаниуд ч С бичиг авчихдаг байна. Ингэхдээ ихэвчлэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд авдаг аж. Учир нь үндэсний компаниудын ихэнх нь шаардлага хангаж ажилладаг гэх. Тэгэхээр шаардлага хангаагүй компаниуд зөвшөөрлийг яаж авав гэдэг нь хардлага дагуулж байгаа юм.

Ганц жишээ хэлэхэд, Цагаан хаданд богины тээвэрт 240 гаруй компани тээвэрлэлт хийдэг. Тус 240 компаниас 40-50 нь Монголын хөрөнгө оруулалттай. Саяхан Улсын онцгой комисс, Аймгийн мэргэжлийн хяналтаас хамтарсан шалгалт хийж коронавирусийн цар тахлын энэ үед үйл ажиллагаа явуулахад тэнцэх компанийн жагсаалтыг гаргахад дээрх 240 компаниас 22 нь тэнцсэн байна. Тэгэхээр зүй нь бол шалгалтад тэнцсэн 22 компани үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл долоо хоногийн дараа 240 компани бөөнөөрөө тэнцэж зөвшөөрлөө авсан гэж буй.

Сануулахад, С зөвшөөрлийн бичгийг зарсан, авлигал авсан, өгсөн гэх асуудлаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хуулийн байгууллагад шалгагдаж буйгаас гадна Зам тээврийн яамны хэлтсийн хэд, хэдэн дарга ял сонссон асуудал бий билээ. Гэтэл одоо ч С бичгийн зөвшөөрөлтэй холбоотой хэл ам, хэрүүл маргаан, хардлага, гомдол тасрахгүй байсаар. Авто тээврийн үндэсний төв ч уг ажлаа асуудалгүй зохион байгуулах чадваргүй байна. Тэгэхээр шаардлага хангасан ямар компанид, хэдэн зөвшөөрөл олгов гэдгийг шилэн буюу нээлттэй болгох ёстой юм.

ВИДЕО: 

-О.ЭНХБАТ: АВЛИГАЛ АВСАН ГЭЖ ХАРДААД БУЙ БОЛ ШАЛГУУЛЖ БОЛНО-

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн тасгийн  дарга О.Энхбатаас мэдээлэл авсныг хүргэе.

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай шаардлага хангаагүй тээврийн компаниудад С зөвшөөрөл олгож байна. Нөгөө талд монгол компаниудаа шахаж, дарамталж байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ үнэн үү?

-Дийлэнх аж, ахуй нэгжүүд гадаадын хөрөнгө оруулалттай байдаг. Стандартын дагуу шаардлага хангасан аж, ахуй нэгжүүдэд С зөвшөөрөл олгодог. Зарим  аж, ахуй нэгжүүд өөрийн болон түрээсийн байртай. Байр түрээсэлж буй компаниудад зөвшөөрөл олгохгүй гэсэн зүйлгүй. Мөн аж, ахуй нэгжүүд дээр Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гардаг. Тэгээд кемпгүй нь их эрсдэлтэй болдог. Бүх шаардлага хангасан нь бага эрсдэлтэй гэж дүгнэгддэг. Үүнээсээ хамаараад бид нар хувилж олгодог. Их эрсдэлтэйд нь С зөвшөөрлийг бага олгодог. Бага эрсдэлтэйд нь их олгодог гэсэн үг. Түүнээс биш Монгол компани, Хятад компани гэж ялгадаггүй. Улсын байцаагч стандартын хүрээнд шалгаад бага, дунд, их эрсдэлтэй гэж дүгнэдэг. Түүнд кемптэй мөн өөрийн болон түрээсийн засварын байртай байх, машиндаа техник, үзлэг хийсэн гэх зэрэг шаардлага орно. Шаардлагууд бүгд шалгагдана. Шаардлага хангасан эсэхэд нь өгнө.

-Гэхдээ шаардлагыг огт хангаагүй компани аж, ахуй нэгжүүд зөвшөөрөл аваад байна гэх мэдээлэл байна?

-Тээврийн нэгдсэн системтэй. Энэ системээр жолоочийн жолоо барих эрхийн ангиллыг шалгадаг. Мэргэшсэн жолоочийн ангилал, хугацаа, оноо дууссан эсэхийг шалгадаг. Тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт орсон уу тухайн компанийн эзэмшлийнх мөн үү гэдгийг мөн системээрээ шалгана. Бас жолоочийн хариуцлагын даатгалыг машин бүрт хийсэн эсэхийг албан журмын даатгалтай холбоотой системээр шалгадаг. Жолооч нар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлснийг холбогдох системтэй холбогдоод шалгадаг. Аж, ахуй нэгж улсад татвараа төлсөн үү гэдгийг мөн шалгаж өртэй бол зөвшөөрөл олгодоггүй. Хувь хүний нөлөөллийг багасгаад олон системтэй холбон уялдуулж ажилладаг юм. Тэгэхээр шаардлага хангаагүй аж, ахуй нэгжүүд С зөвшөөрөл олгоно гэсэн ойлголт байхгүй.

-С зөвшөөрлийн бичгийг хэвлээд Хөх хотын Авто тээврийн танхим руу явуулж тамга даруулж, баталгаажуулдаг. Гэтэл сүүлийн улиралд С бичгийг хэвлэж явуулахдаа 2000 аар нэмэгдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-аас шаардсан тоог та бүхэн хэтрүүлжээ. Ингэхдээ хоёр хувааж явуулснаас болж Хөт хотын Авто тээврийн танхимаас тамга дарахгүй гэж мэдэгдсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Зам тээврийн яам улиралд хэдэн бичиг олгох вэ гэдгийг хуваарилж баталдаг. Гашуунсухайт дээр 7000 бичгийг олго гэсэн. Бид хурлаа хийгээд хэвлэж олгох ажлаа зохион байгуулсан. Зам тээврийн сайдын 2020 оны 173 дугаар тушаалаар батлагдсан журам дээр тухайн улирлын бичгийг өмнөх сарын 30-ны дотор хэвлэж явуулдаг. Өмнөх улиралд гуравдугаар сарын 31-ны өдрөөр тасалбар болгоод дөрөвдүгээр сарын 01-ны өдөр хэвлүүлсэн бүх бичгийг Хөт хот руу явуулсан. Хоёр хувааж явуулсан учир нь компаниуд материалаа хугацаандаа өгөөгүй учраас дараагийн жагсаалтад орсон гэсэн үг. Дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл хүлээсэн. Ингээд материалыг нэгтгээд өгтөл БНХАУ-ын талаас “Коронавирусийн нөхцөл байдал хүнд байна. Бүртгэхгүй” гээд татгалзсан. Хөх хотоос боомт руу гаа өгөхгүй байна. Түүнээс бид нар явуулчихсан.

Алигал авсан гэж буй бол шалгадаг газарт нь хандах хэрэгтэй. Тийм зүйл байхгүй.

Гуравдугаар сард Авто тээврийн улсын байцаагч нар Өмнөговь аймагт ажиллаж бүх машинаа нэг бүрчлэн шалгасан. Тэгээд зөрчилтэй машинд зөвшөөрөл олгохгүй байгаа.

-Сүүлд Хөх хот руу явуулсан аж, ахуй нэгжүүдийн хэд нь Монгол компани юм бол?

-Бүгд Монгол компани. Бүгдээрээ Монгол улсад бүртгэлтэй компаниуд. Хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр Хятад, Монгол гэж ангилж байгаа юм. Журамд заасны дагуу хугацаанд нь материалаа ирүүлсэн компаниудын бичгийг эхэлж явуулсан. Дөрөвдүгээр сарын 2-нд тэр бичиг ашиглагдаж эхэлж байгаа юм. Бид энэ өдөр хүртэл дараагийн компаниудынхыг хэвлэж дуустал хүлээлгэх ямар ч боломжгүй байсан. Тиймээс хэвлэгдсэнээ шууд явуулсан.

-Тээврийн жолооч нарыг хурууны хээгээр нь бүртгэлжүүлж байгаа ажилд чинь алдаа гараад байна. Тодруулбал, зарим компаниуд жолооч нарт 200 мянган төгрөг өгөөд өөрийн аж, ахуй нэгж дээрээ бүртгүүлээд байгааг мэдсэн үү?

-С бичиг олгох системд шаардлага хангасан бүх жолооч нарын мэдээлэл бий. Аж, ахуй нэгж байгууллагууд тухайн жолоочийг мэдээгүй байхад регистрийг нь ашиглаад хил нэвтрэх зөвшөөрлийн бичиг гаргуулаад байсан юм. Мөн жолооч өөр компанид ажилд орох гэхээр регистрийг нь бүртгэж авсан компани хасч өгдөггүй. Ингээд хүний эрх зөрчигдсөн асуудал хөндөгдсөн. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор хурууны хээгээр нь бүртгэл хийдэг боллоо. Хуруугаа уншуулаад хүссэн компанидаа бүртгүүлэх боломж нээгдэж байгаа юм. Ер нь бид хууль бус ажлын эсрэг ажиллаж байна. Ингэж л жолоочийн мэдээллийг цэгцлэхгүй бол мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүн бүрийг компаниуд өөрт нь мэдэгдэхгүй ашиглаад байсан юм. Мөнгө өгч жолоочийн хурууны хээг компани дээрээ уншуулсан гэх яриа гарсан. Цаашид улирал бүр хуруугаа уншуулж байж явна. С бичиг 90 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Тэр бүрт хурууны хээг нь уншуулна. Тэгэхээр цэгцэрнэ гэж бодож байна.

-ТЭЭВРИЙН КОМПАНИУД: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АЖЛАА ХИЙХГҮЙГЭЭС БОЛЖ НҮҮРСНИЙ ЭКСПОРТ СААТАЖ БАЙГАА ШҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА-

Харин тээврийн компаниудын зүгээс Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн тасгийн  дарга О.Энхбатын мэдээллийг үгүйсгэж байна.

Тэд хугацаандаа материалаа бүрдүүлж өгдөг. Харин Авто тээврийн үндэсний төвөөс цагийг нь тулгаж гэнэт материал бүрдүүлэхийг тулгадаг гэлээ. Хэдий ийм ч тухайн өгөгдсөн богино хугацаанд нь багтаагаад материалаа бүрдүүлж өгдөг гэж тээврийн компанийн төлөөллүүд хэлж байна.

Зарлагдсан хугацаанд машиныхаа мэдээллийг шивүүлээгүй БНХАУ-ын машинд зөвшөөрөл олгосон байх магадлалтай мөртлөө үндэсний компаниудад өндөр шаардлага тавих хэрэггүй. Тэр бүү хэл Монголын компаниуд кемпээ барина гэхээр газрын зөвшөөрөл олгохгүй хүнд суртал гаргадаг. Мөн урьд улиралд аваад ашиглаагүй биржийг шинээр олгохгүйгээр мөнгийг авч сэргээдэг гэдгийг компанийн төлөөллүүд ярьж байна. Авто тээврийн үндэсний төвийн үе, үеийн дарга нар С бичгийн зөвшөөрлийн олголтыг шударга, замбараатай болгож нүүрс тээврийн үйл ажиллагааг цэгцлэх талаар бодож байгаагүй. Яаж нүүрснээс мөнгө олох вэ гэж л ажиллаж ирсэн гэж тэд мөн ярилаа. Хамгийн ноцтой нь Авто тээврийн үндэсний төв, Улсын онцгой комисс, Аймгийн онцгой комисс, Мэргэжлийн хяналт ажлаа сайн хийхгүйгээс болж нүүрсний экспорт тасалдах бодит эрсдэл тулгарсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайн ихэнх нь хятад эзэнтэй. Тэд “Өөрийнхөө нүүрсийг ачина. Танайхыг ачих боломжгүй” гэж буйгаас болж Монголын тээврийн компаниуд сардаа нэг тойрог ч хийж чадахгүй байгаа аж.

Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас нүүрсний татан авалтаа багасгасан бөгөөд Монголын жолооч нар хил давж шинжилгээ өгөхөд вирус илрээд буй гэх. Үүнээс үүдэн айлын тал болгоомжилж хилээрээ нэвтрүүлэх машины тоог багасгажээ. Угтаа бол Цагаан хаданд байгуулсан PCR шинжилгээ хийх лабораторийг зүгээр л “хэвтүүлэлгүй” ажиллуулвал хилийн наана коронавирусийг илрүүлж тусгаарлалт хийх боломжтой. Гэтэл бөөн зардал болж байгуулсан лабораторийг ч ажиллуулж чадахгүй байна шүү дээ. Мөн хотоос очих жолооч нар тусгаарлалтад оролгүйгээр шууд Цагаан хаданд очиж ажлаа хийж буйгаас болж халдвар тархах эрсдэлтэй байгаа аж. Үүнд Авто тээврийн үндэсний төв болон бусад холбогдох байгууллагууд хяналтаа тавих ёстой. Эзэнгүй мэт орхисны улмаас хилээр нэвтэрсэн жолооч нараас коронавирус илэрч үр дүнд нь нүүрсний экспортын ажил удааширч буйг тээврийн компанийн төлөөлөл анхааруулан хэлж байна.