Наймдугаар сарын 09-ний өдөр Монголын Допингийн эсрэг үндэсний төв өөрийн албан ёсны хаягаар дамжуулан “Үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Үүний дараа шөвгөрсөн 16 бөх ээлж дараалан мэдээлэл хийж, допинг хэрэглээгүй гэдгээ мэдээлсэн байдаг.
Үүний дараа Монголын үндэсний бөхийн холбооноос улсын шинэ аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн хэмээгээд, цол тэмдэг, бай шагналуудаа буцааж өгөхийг шаардсан юм. Харин удаан хугацаанд чимээгүй байсан улсын аварга Э.Оюунболд энэ амралтын өдөр /2019.07.17/ албан ёсны мэдээлэл хийж “Хоёр бөхийн холбооны маргаан дунд намайг хэлмэгдүүлж байна, би допинг хэрэглэж үзээгүй, миний шээс солигдсон” гэсэн.
Харин допингийн шинжилгээ өгч байхад шээс солигдох, өөрчлөх, засах боломж бий эсэхийг Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс лавлахад “Солих, засуулах ямар ч боломж байдаггүй. Допингийн шинжилгээг дурын сувилагч авдаггүй, тусгай сургалтад суусан мэргэжилтэн авдаг бөгөөд маш өндөр хяналт дор дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 30 лабораторийн нэгт шинжлүүлэхээр явуулдаг” гэлээ.
Мөн допингийн шинжилгээг хэрхэн авдаг дарааллыг дараах видеогоор тайлбарлав.