ТАНИЛЦ: Манай улсад бүртгэгдсэн гэх Их Британиас гаралтай "мутац вирус"-ийн талаар эрдэмтэд юу өгүүлэв

ТАНИЛЦ: Манай улсад бүртгэгдсэн гэх Их Британиас гаралтай "мутац вирус"-ийн талаар эрдэмтэд юу өгүүлэв

Өчигдөр /2021.04.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр манай улсад коронавирусийн мутацилагдсан хувилбараар өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн талаар эрх баригчид дурдсан.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр “Турк улсаас ирсэн гурван иргэнд коронавируисийн "UK varient" буюу Британи хувилбар илэрсэн. Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүн мутацилагдсан хувилбараар өвчилсөн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд "whole genome sequencing" хийж байж баталгаажуулна” хэмээсэн юм. 

-ИХ БРИТАНИАС ГАРАЛТАЙ МУТАЦИ ДЭЛХИЙН ЗОНХИЛОХ ОМОГ БОЛЖ МАГАДГҮЙ ГЭВ-

Аливаа вирус байнга хувьсан өөрчлөгдөж байдгийн адилаар  коронавирусийн шинэ мутациуд ч  өдрөөс өдөрт бүртгэгдсээр байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв/CDC/-өөс өнгөрсөн сард гаргасан тайланд дурдсанаар дэлхий даяар дараах  SARS-CoV-2-ийн дараах хувилбарууд өргөн тархжээ. Үүнд:

  • VOC 202012/01.В.1.1.7: Уг хувилбар нь Их Бритиас гадна ДЭМБ-ын зургаан бүсийн 50 улсад бүртгэгдсэн
  • 501Ү.Ү2: ДЭМБ-ын зургаан бүсийн 23 улсад бүртгэгдсэн
  • 501Ү.Ү3. Дани улсад анх бүртгэгдсэн. Тэгвэл Монгол улсад бүртгэгдсэн гэх “В.1.1.7” гэж чухам ямар хувилбар вэ.

2020 оны есдүгээр сард Их Британийн зүүн хэсгийн нутгаар анх “B.1.1.7” буюу “Kentvariant”  гэж хочилсон мутаци тархаж, мөн оны 12 дугаар сард ДЭМБ-аас албан ёсоор зарласан юм. Тус шинэ хувилбарын онцлог нь тархалтын индекс өндөр бөгөөд Sars.COV2-ийг бодоход халдварлуулах чадвар нь 70 хувь илүү байна/зарим судалгаанд 45-60 хувь гэж бичжээ/. Өөрөөр хэлбэл, энгийн вирусээс илүү хурдан хугацаанд хүнээс хүнд халдах чадвартай аж.

Их Британийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан тайланд “В.1.1.7” хувилбар шинж чанарын хувьд анхны вирусийн нэгэн адил өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст өндөр эрсдэлтэй гэжээ. Мөн Их Британи, АНУ тэргүүтэй орнуудад халдвар эрчимтэй нэмэгдсэн нь уг мутацийн тархалттай холбоотой хэмээн цөөнгүй эрдэмтэн таамаглаж байна.

Эсийн баяжуулалтын уураг. Вирус уг баяжуулалтын уургаар дамжин хүнд халдварладаг

ДЭМБ-ын мэдээлж буйгаар уг хувилбар одоогоор Их Британийн ихэнх хэсэгт давамгайлж байгаа бөгөөд дэлхийн 50 гаруй оронд тархаж, үүгээр ч зогсохгүй давхар мутацид орж эхэлжээ. Хамгийн түгээмэл бүртгэгдэж буй нь B.1.1.7 мутацтай вирус E484K генетик өөрчлөлттэй хэлбэрээр бүртгэгдэж эхэлсэн байна. E484K гэсэн генетик өөрчлөлттэй вирусийг дархлааны эсүүд устгаж чадахгүй тул илүү халдвар тараах чадвартай гэж хэлж болно. Харин илүү хүндээр өвчлүүлдэг эсэх нь нотлогдоогүй.

Түүнчлэн өнгөрсөн хоёрдугаар сард BBC агентлагийн албан ёсны вэбсайтад нийтлэгдсэн судалгаанд “B.1.1.7”  хувилбар дэлхий нийтийг хамарч, зонхилох омог болох магадлалтай талаар” дурдсан байна.

Их Британийн Covid-19 судалгааны байгууллагын тэргүүн  Пиакок “Бидний хамгийн их санаа зовоож буй зүйл нь вакцин шинэ мутацийн эсрэг нөлөөлж чадах эсэх асуудал. Учир нь одоо хэрэглэгдэж буй вакцинуудыг коронавирусийн эхний хувилбар дээр судалгаа хийсний үндсэн дээр боловсруулж бүтээсэн” гэжээ. 

Түүний хэлснээр “коронавирусээр өвчилсөн хүмүүсийн цөөн тоонд “онцгой хувилбар” илэрдэг. Тодруулбал, халдварлах чадвар өндөр, дархлааны хариу урвалаас зугтдаг, вакцинжуулалтад нөлөөлөх чадвартай, эсвэл илүү хүнд өвчлөл үүсгэдэг байна. Энэ мэт шинэ хувилбаруудын генетик өөрчлөлтийг тогтооход дор хаяж 10 гаруй жил шаардлагатай” гэжээ.

-ДЭЛХИЙ НИЙТИЙН АШИГЛАЖ БУЙ ВАКЦИНУУД МУТАЦИЙН ЭСРЭГ ҮЙЛЧИЛЖ ЧАДАХ УУ-

Мутацийн дийлэнх хэсэг нь вирусийн үндсэн шинж тэмдгийг өөрчилдөггүй, зөвхөн “дагалддаг” гэж хэлж болно. Одоогийн байдлаар мутациуд илүү хүнд өвчлөлийг үүсгэдэг гэсэн нотолгоо гараагүй байгаа ч эрдэмтдийн хамгийн ихээр санаа зовж буй хоёр асуудал бий. Нэгдүгээрт, мутациар халдварласан өвчлөлийн огцом өсөлт улс орнуудын эрүүл мэндийн системийг доголдуулах асуудал. Хоёрдугаарт,вакцинууд мутацид нөлөөлж чадах эсэх.  

Одоогоор дэлхий нийтийн хэрэглэж буй вакцинууд вирусийн “spike” буюу гадаргуу дээрх уургийн эсрэг чиглэсэн бөгөөд коронавирусийн анхны хувилбарын дагуу боловсруулсан.  Хэрэв вирусийн гадаргуу дээр мутаци явагдвал вакцины үйлчлэх чадвар буурах магадлалтай. Гэвч мутацид орсон вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчид судалгаагаа үргэлжлүүлсээр байна.

 Вакцинуудын үйлдвэрлэлийн технологи

“АстраЗенека” вакцины судалгааны тайлангаас харахад Их Британийн мутацилагдсан вирусээс хамгаалж чадаж байна хэмээн  BBC бичжээ. Мөн Pfizer компани өнгөрсөн сард өөрсдийн вакциныг мутацийн эсрэг үйлчлэл үзүүлж буйг зарласан/Мэдээллийг эх сурвалжаас үзэх/.

Харин БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины мутацийн судалгаа үргэлжилсээр байна. Sinopharma Group China Biologics”-ийн идэвхгүйжүүлсэн/амьгүйжүүлсэн/ хоёр вакцин нь гадаад болон дотоод дахь хоёр, гуравдугаар эмнэлзүйн туршилтын дараах цусны ялтсыг ашиглаж, Өмнөд Африк, Англи болон дотоодод халдварласан 10 гаруй төрлийн омог дээр туршилт хийсэн. Хоёр вакцины бий болгож буй саармагжуулах эсрэг бие эдгээр омгийн эсрэг сайн саармагжуулах нөлөө үзүүлсэн.

Вирусийн бага хэмжээний мутаци нь вакцины эсрэг үйлчлэх чадварт нөлөөлөхгүй. Мөн холбогдох омог, мутацийн эсрэг вакцины судалгааг тасралтгүй явуулсаар байна хэмээн Хятадын Төрийн зөвлөлийн Коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах ажлын хэсэг мэдээлжээ.

АНУ-ын “Novavax Inc” компанийн бүтээсэн вакцин Их Британид анх бүртгэгдсэн Covid-19-ийн  мутацид орсон вирусийн эсрэг 89.3 хувийн үр дүн үзүүлсэн нь одоогоор тогтоогдоод байна. Тус вакцины туршилтад 18-84 насны 15 мянга гаруй хүн оролцсон ба 27 хувь нь 65 ба түүнээс дээш ахмад настнууд байжээ. Туршилтын үр дүнг мэдээлсний дараа Их Британийн Ерөнхий сайд вакциныг Нэгдсэн вант улсад батламжлах ажлыг эхлүүлснээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC, CNBC, DW,  WHO