Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн ч хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан. Бөчхүүд энэ асуудалд бухимдаж буйгаа илэрхийлж эхэллээ. Учир нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос хэзээ тайлбар хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд допинг хэрэглэсэн гэх бөхчүүд байгаа бол яаралтай мэдээлэхийг уриалж байна.
Улсын арслан Ц.Содномдорж энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд хориотой бодис хэрэглэсэн бөх байгаа бол яаралтай олон нийтэд мэдээлэхийг хүссэн юм. Тэрбээр “Допингийн асуудлаар 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Наадам зохион байгуулах” хорооноос над руу ярьсан. Таны шинжилгээний хариуд ямар нэгэн хориотой зүйл илэрсэнгүй гэсэн. Мэдээлэл үзэж байхад зарим мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн мэдээлэл өгч байна. Гэтэл над руу бүх бөхийн шинжилгээний хариу ирсэн гэж ярьсан. Одоогоор хоёр бөх сэргээшийн асуудалтай байгаа юм шиг байна. Энэ бөхчүүдийн нэрийг зарлахыг “Наадам зохион байгуулах комисс” болон Шадар сайдаас хүсч байна” гэжээ.
Мөн Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Б.Бат-Өлзий, шинээр Улсын харцага цолонд хүрсэн Б.Анар нар Баяр наадмын зохион байгуулах хорооноос шаардаж эхэллээ.