Барилгын ажилчид санаандгүй байдлаар эртний Ромын томоохон цогцолборыг илрүүлжээ

Барилгын ажилчид санаандгүй байдлаар эртний Ромын томоохон цогцолборыг илрүүлжээ

Английн хойд хэсэгт орших Йоркшир мужийн Скарбор хэмээх газарт орон сууцны барилгын угсралт хийж байсан ажилчид эртний Ромын цогцолборын үлдэгдлийг илрүүлжээ.

Археологичид уг цогцолборыг Ромын эртний язгууртны тансаг байшин, эсвэл шашны зориулалттай байгууламж байсан гэж таамаглаж байна. Мөн тухайн үеийн Хойд Европ дахь хамгийн чадварлаг архитекторууд зураг төслийг боловсруулж, шилдэг гар урчууд барьсан гэдгийг онцолж байна. 

Ийм хэлбэрийн зохион байгуулалттай эртний байшинг Их Британийн газар нутгаас урьд өмнө нь илрүүлж байгаагүй. Умард Йоркшир мужийн байгаль орчны үйлчилгээ хариуцсан захирал Карл Баттерсби “Энэ бол Хойд Йоркшир дахь Ромын оршин суугчдын түүхийн нэгээхэн хэсгийг харуулж буй гайхалтай нээлт юм" хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна. 

Уг газарт “Keepmoat Homes” хэмээх компанийн орон сууц баригдаж байсан юм. Барилгын газраас түүхэн үнэт олдвор илрүүлсэнтэй холбоотойгоор уг хэсгийг олон нийтэд нээлттэй талбай болгож үлдээхээр болсон байна. Түүнчлэн цаашид археологичид тус бүс нутагт малтлага хийж, судалгааны ажил эхлүүлэх аж. 

Эх сурвалж: CNN