БИДНИЙ ТУХАЙ: Беларусийн Ерөнхийлөгч А.Луканшенко Монголоор дамжуулан их хэмжээний мөнгө угаадаг байв уу

БИДНИЙ ТУХАЙ: Беларусийн Ерөнхийлөгч А.Луканшенко Монголоор дамжуулан их хэмжээний мөнгө угаадаг байв уу

Брюссельд төвтэй дэлхий дахинд болж буй үйл явдлыг албан ёсны хэлээр нийтлэн түгээдэг “Eureporter” мэдээллийн сайтад Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко болон манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар нэгэн нийтлэл гарчээ. Тус нийтлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан М.Отгонжаргалын хувь эзэмшдэг компаниар дамжуулан А.Луканшенко мөнгө угаадаг байж болзошгүй талаар өгүүлсэн байгаа юм. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

“Eureporter” мэдээллийн сайт нь Европын тэргүүлэх улс төрчид, шийдвэр гаргагчидтай хийсэн ярилцлага, нөлөө бүхий сэтгэгчид, шинжээчид, бизнес эрхлэгчдийн санал бодлыг тогтмол нийтэлдэг гэдгээрээ алдартай.

-А.ЛУКАНШЕНКОГИЙН МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛ УЛС-

2020 оны 11-р сарын 6-нд Европын Холбоо, Швейцар, АНУ-аас Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг нэр бүхий 59 хүний хөрөнгө, дансыг царцааж, битүүмжилжээ. Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан дахь оффшор компаниудад их хэмжээний мөнгө илгээж байсан нь тогтоогдсон байна.

Лукашенко бэлэн мөнгөний хэд хэдэн эх сурвалжтай байв. Тэдгээрийн нэг нь уул уурхайн хүнд даацын ачааны машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Белаз” /Belaz/ компани. Беларусийн төрийн өмчит “Белаз” компани нь Монгол дахь албан ёсны дистрибьютор болох “United Belaz Machinery” компаниар дамжуулан ачааны машин болон бусад бүтээгдэхүүн худалдаалдаг.

“United Belaz Machinery” компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд өмнө нь Монгол Улсын иргэн М.Отгонжаргал, Беларусийн самбогийн дэлхийн гурван удаагийн аварга Владимир Геннадьевич Япринцев нар байжээ. Япринцев, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай нөхөрлөдөг. Тэд 1980-аад оны дундуур самбо бөхөөр дамжуулан танилцаж, Монголд хамтарсан үйлдвэр байгуулж байсан.

Харин М.Отгонжаргал нь Х.Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн юм. Мөн “Түмэн Хишигтэн”, “Баялгийн Хувь” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Одоо тэрбээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашиж байна.

“United Belaz Machinery” нь Монголд “United Belaz Machinery Investment Company” гэх охин компанитай.  Уг компаниар дамжуулан Лукашенкогийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байна гэх нэрийн дор мөнгө угаасан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа юм.

“United Belaz Machinery”-ийн өмчлөлийг тэд Бүгд Найрамдах Доминикан улсын Эстон, Блустайтэд бүртгэлтэй “Meress” компанид шилжүүлсэн. Эдгээр оффшор компанийн эзэд нь Лукашенкотой холбоотой гэж үздэг.

Тиймээс зөвхөн Монголд төдийгүй Эстони, Бүгд Найрамдах Доминик Улсын компаниудад ямар хөрөнгө төвлөрч буйд нэмэлт шалгалт хийх шаардлагатай байна. 

“ProPublica” өмнө нь "МакКинсейг цөлсөн улс" хэмээх тайланг нийтэлж, Монгол Улсын төмөр зам барих схем болон хуурамч ТЭЗҮ-ийг бий болгохтой холбоотой авлигын хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлж байв. Тухайн үед Зам, тээвэр, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, түүний зөвлөх Ганбатын Чулуунхүү нар энэ хэрэгт ихээхэн холбогдож байсан. “Белаз” компанийн анхны хувьцаа эзэмшигч М.Отгонжаргал ч Х.Баттулгын хамтрагчаар татагдав.

Гэвч Х.Баттулга Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод, дараа нь хэргийг шалгаж байсан ерөнхий прокурор, авлигатай тэмцэх газрын даргыг огцруулсны дараа яллагдагчаар татах, шалгах ажиллагаа дуусгавар болсон. Төмөр замын шалгалтын үеэр М.Отгонжаргал Баттулгатай холбоотой компани, сангуудын дансанд олон сая доллар бэлнээр байршуулж байсан хэрэгт буруутгагдсан. Тодорхойгүй зүйл гэвэл энгийн нэг хүн их хэмжээний бэлэн мөнгө авах боломжтой болсон явдал юм. Энэ нь “Белаз” компанитай холбоотой байсан уу. Үүнийг Монголын болон олон улсын хуулийн байгууллагууд зөв судалж үзэх шаардлагатай байна.

М.Отгонжаргал бол Баттулгын хяналтад байдаг C1 телевизийг үүсгэн байгуулагч, захирал асан Бен Моёлегийн эхнэр. Бен Моёле бол Их Британийн иргэн юм. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу давхар иргэншилтэй байхыг хориглодог тул Отгонжаргал Их Британийн иргэншил аваагүй бололтой. Мөн Монгол Улсад төрийн албан хаагч, ялангуяа хууль сахиулах байгууллагад ажиллах нь “төрийн албаны тусгай үйлчилгээний салбар” гэж тооцогддог учраас гадаадын иргэншилтэй байж болдоггүй.

“United Belaz Machinery” нь төрийн өмчит Багануурын уурхайд нүүрсний дөрвөн машин, дөрвөн өөрөө буулгагч, бульдозер нийлүүлсэн байдаг. Нүүрс бутлах, ачих байгууламжийг өргөтгөх төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 18.6 тэрбум төгрөг авсан ч буцааж төлөөгүй.

Мөн 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 35 ширхэг Белазын тоног төхөөрөмжийг өөр нэг төрийн өмчит зэсийн уурхай болох Эрдэнэтэд нийлүүлжээ. Гэвч холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бөгөөд Белазыг үйлдвэрийн удирдлагатай тохиролцсон гэж сэжиглэж байгаа юм.

Зах зээлээс өндөр үнийг хамарсан эдгээр наймааны ард Баттулгын шахалт, нөлөө байсан уу. Эрх мэдлээ зүй бусаар ашиглаж, тодорхой ханган нийлүүлэгчид таалагдах нь Монгол Улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Энэ мэт Лукашенкогийн төлөө Монголоор дамжуулж мөнгө угаахтай холбоотой дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээ байгааг нотлох баримтууд харуулж байна.

Одоо шаардагдаж байгаа зүйл бол Монгол Улсын Ерөнхийлөгч, болон хууль сахиулах байгууллагын өндөр түвшний албан тушаалтны мөнгө угаах боломжтой байж болзошгүй хэргийг нарийвчлан шалгах явдал юм.

Нийтлэлийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү.