ТАНИЛЦ: БНСУ-ын “GS 25”сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбар манай улсад нээгдэх гэж байна

ТАНИЛЦ: БНСУ-ын “GS 25”сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбар манай улсад нээгдэх гэж байна

Нийслэл хотын өнцөг булан бүрт тааралддаг байсан ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг сүүлийн хоёр жилд эрс цөөрч тэдний оронд сүлжээ дэлгүүрүүд манай улсад орж ирэн хэдийн байр сууриа эзэлж амжсан. Иргэд ч 24 цагийн турш цэвэрхэн орчин, соёлтой үйлчилгээтэй газраас худалдан авалт хийх хүсэлтэй болсон бөгөөд одоо нийслэл хотын автобусны буудал бүр дээр байрлах CU, Circle K сүлжээ дэлгүүрүүд хэдийн бидний танил болж амжжээ. Тэгвэл энэхүү олон улсын франчайз сүлжээ дэлгүүрүүдийн тоо манай улсад дахин нэгээр нэмэгдэх гэж байна.

-БНСУ ДАЯАР НИЙТ 13,800 ГАРУЙ САЛБАРТАЙ БӨГӨӨД 2018 ОНД ВЬЕТНАМД 50 САЛБАР ДЭЛГҮҮР НЭЭЖ БАЙЖЭЭ-

Тодруулбал, БНСУ-ын “GS 25” гэх сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарыг “Шунхлай” групп албан ёсны эрхтэйгээр Монгол улсад оруулж ирэх гэж байгаа аж. Тус дэлгүүр нь БНСУ-ын “GS” группын охин компани болох “GS Retail”-ийн эзэмшдэг сүлжээ бөгөөд 2020 оны байдлаар 13,800 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 2018 оны нэгдүгээр сард Вьетнам улсын Хо Ши Мин хотод анхны салбараа нээсэн нь гадаад улсад гарсан анхны тохиолдол байсан бөгөөд үүнээс хойш Вьетнам улсад 50 гаруй салбар дэлгүүр дахин нээгджээ. 

Тэгвэл энэ онд тус компани монголд 50 салбараа нээхээр төлөвлөсөн талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэд уг төлөвлөгөөнийхөө талаар өнгөрсөн оны есдүгээр сард онлайн хэлбэрээр гэрээ байгуулсан бөгөөд 2021 он дуусахаас өмнө монголд стандартад нийцсэн, тав тухтай 50 салбар дэлгүүр нээхээр тохиролцжээ.

Гэрээ байгуулах ёслолд БНСУ-ын “GS Retail” болон Монгол улсын Шунхлай группын төлөөллүүд компанийхаа төв оффисоос холбогдож оролцжээ. Энэ нь тус компаний гадаадад хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалт юм.

Эхний ээлжинд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт хэд хэдэн салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бусад салбаруудаа нээх байршлуудаа судалж байгаа аж. Мөн дэлгүүрээрээ дамжуулан шуудангийн үйлчилгээг ч санал болгох боломжтойг тус компани онцолжээ.

-КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС БОЛЖ ТУС АЖИЛ УДААШРАЛТАЙ БАЙГАА Ч ИРЭХ НАЙМДУГААР САРД ДЭЛГҮҮР БАЙГУУЛАХ АЖИЛЧИД ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР МОНГОЛ УЛСАД ИРЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

Дээрх гэрээг байгуулах санамж бичигт хоёр тал өнгөрсөн 1-р сард гарын үсэг зурсан боловч коронавируст цар тахлын улмаас тус ажлын явц удаашралтай байгаа аж. Тиймээс сүлжээ дэлгүүрүуд байгуулах ажилтнуудыг ирэх наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр тус улсад аваачихын тулд Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай болсон байна.  Шунхлай групп нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд, уул уурхай зэрэг олон төрлийн бизнес эрхэлдэг 12 охин компанитай холдинг бөгөөд тус групп нь мөн ундаа үйлдвэрлэдэг тул хоёр компаний түншлэлд үр өгөөжтэй байна гэдэгт итгэлтэй байгаа талаараа GS Retail-ийн дэмжлэгийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Ким Сон Ги мэдэгджээ.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө