Г.Даваасамбуу: Нисэх буудлын дэнж дээр төрсөн унагаа бэлэгшээж “МИАТ Бор” гэж нэрлэсэн

Г.Даваасамбуу: Нисэх буудлын дэнж дээр төрсөн унагаа бэлэгшээж “МИАТ Бор” гэж нэрлэсэн

Өнгөрсөн 19-ний өдөр “Буянт Ухаа” нисэх буудлын дэнж дээр гүү унагалсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд тарж, олон хүний анхаарлыг татсан. Энэ талаар “Буянт-Ухаа" олон улсын нисэх буудлын албан ёсны фэйсбүүк хуудаст анх зургийг нь тавин мэдээлснээс хойш маш олон иргэд цахим орчинд мэдээллийг нь хуваалцаж, бэлгэшээж байв.

Тодруулбал, зарим хүмүүс уг явдлыг сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж байсан бол зарим нь дөнгөж төрсөн унагыг ихээр өхөөрдөн хайрлаж байсан юм. Тэрээр төрсөн цагаасаа эхлэн олны анхааралд өртөж, хүмүүсийн хайрыг татаж чадсан учраас маш олон хүмүүсээс ерөөл бэлэгтэй үг сонсож, хэд хэдэн хүмүүсээс тэжээл, витамин ч бэлгэнд авчээ.

Харин эзэн нь түүнийг нисэх буудлын дэнж дээр төрсөн хэмээн бэлгэшээж “Миат Бор” хэмээн нэрлэсэн байна.

Одоогоор “Миат Бор” 12 хоногтой бөгөөд сүргийнхээ хамт Нисэхийн дэнж хавиар хаваржиж байгаа аж. Бид унаганы эзэн Г.Даваасамбуутай уулзаж, хэсэгхэн хугацаанд ярилцсанаа хүргэе.

ҮЗЭХ:

-АНХ ОЧИХОД ХҮМҮҮС ТЭР ХЭСЭГТ БӨӨГНӨРЧИХСӨН ЗУРАГ ХӨРГИЙГ НЬ ЯНЗ БҮРЭЭР ДАРААД Л БАЙСАН-

-Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу?

-Сайн, сайн байна уу. Сайхан хаваржиж байна аа. Та бүхэн сайхан хаваржиж байна уу.  

-Сайхан хаваржиж байна аа. Та юуны өмнө өөрийгөө уншигчдад товч танилцуулбал?

-Намайг Гүндсамбуугийн Даваасамбуу гэдэг. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул хүн байгаа юм. Аав маань нэгдлийн адуу хариулдаг хүн байсан болохоор би ч мөн багаасаа адуу малтай их ойр өссөн. Морь уях их сонирхолтой.

-Өнгөрсөн 19-ний өдөр гүү тань унагалж цахим орчинд олон хүний хайрыг татлаа шүү дээ. Зарим хүмүүс ч их бэлэгшээж байх шиг харагдсан?

-Өө тэглээ, монголчууд маань ч их моринд хайртай ард түмэн юм. Цахим орчинд их сайхан бэлэгтэй үг хэлэлцэж, ерөөлөө хайрласан байсан. Би ч мөн унагаа нисэх буудлын дэнж дээр төрсөнд нь бэлэгшээж “МИАТ Бор” гэж нэрлээд байгаа. Яахав зарим нэг сайхан үг хэлж байгаа хүмүүсийн дунд шүүмжлэлтэй хандаж байгаа ч тохиолдол байна лээ. Яасан туранхай юм, өвс тэжээл өгдөг юм уу гээд л. Одоо бол МИАТ Бор” маань яг 12 хоногтой, хэсэг зогсож байгаад л гэнэт пид гээд унана. Их л унтамхай амьтан байгаа юм. Алсдаа монголчуудын хайртай хүлэг болох байх гэж их бэлэгшээж байгаа. Харин эхийг нь барьж авч жаахан тэжээе гэсэн ч эмнэг юм болохоороо баригдахгүй юм.

Тайлбар: унагалсан газар

-Адуу сонирхогчид ч мөн групп дээрээ унаганы тань талаар их ярилцаж байх шиг байсан, унаганыхаа угшил гарлыг танилцуулбал?

-Тийм байсан. Хүмүүс их асууж байсан. Эх нь бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол улсын алдарт уяач Н.Алдаржаргал гээд найзын маань унаган адуу байгаа юм. Н.Алдаржаргал бол сүүлийн гурван жил монгол улсынхаа шилдэгээр тодорч байгаа уяач л даа. Эцэг нь Дундговь аймгийн угшилтай.

-Гүүгээ унагалсныг хэзээ мэдсэн бэ? Очиход ямар байдалтай байв?

-Манай адууг бас давхар хардаг Х.Батсайхан гээд ах байдаг юм. Тэгээд гуравдугаар сарын 19-ний өглөө над руу залгаад “гүү унагалчихсан байна” гэж хэлсэн. Уг нь өмнөх орой нь энэ хашааны энд байсан юм. Гэтэл өглөө яг “Буянт Ухаа” нисэх буудлын өмнөх дэнж дээр байдаг Чингис хааны хөшөөний өмнөхөн очоод унагалчихсан байсан. Эр унага гарсан. Намайг очиход нэлээн хэдэн хүн шавчихсан зураг хөргийг нь дараад байж байсан. Тэгээд би очоод унагаа барьж үзтэл тэнд байсан нэг залуу намайг “та болиоч, хүний унаганд яагаад дураараа хүрээд байгаа юм” гэдэг байгаа. Би ч эзэн нь гэдгээ хэлтэл тэнд байсан хүмүүс их инээлдсэн. \инээв\ Хүмүүс ч мөн их бэлэгшээгээд зуултыг нь авчихсан юм шиг байна лээ. Би хайгаад олоогүй. Харин Х.Батсайхан ахыг өглөө эрт очиход гүүний савыг нь нэг эгч уутанд хийгээд аваад явж байсан гэсэн. Монгол уламжлалд унаганы зуулт, гүүний халиарыг бас их хэрэглэдэг л дээ. Тэгээд л аваад явсан байх.

Биднийг ийн ярилцаж байх зуур адуу хардаг гэх Х.Батсайхан гуай мөн ирж дараах зүйлсийг ярьсан юм. Тэрээр “Би их амьтанд хайртай хүн байгаа юм. Ийм хөөрхөн амьтан төрсөнд мөн л их баярлаж, бэлэгшээж байгаа. Эдний адууг хашаандаа жил гаруй хугацаанд байлгаж, харж хандаж байгаа юм. Энэ жил ч хаа сайгүй л өвөлжилт хүнд байлаа шүү дээ. Манай гэр бүлийн хүн нисэх буудалд ажилладаг юм. Тэгээд өглөө ажилчид нь ээлж солилцох үедээ харсан юм шиг байна лээ. Тэгээд л гараад очтол бөөн хүмүүс шавчихсан, зураг хөрөгийг нь л дараад байсан. Ойролцоогоор 06:40 цагийн үед л унагалсан юм шиг байна лээ. Тэгээд хоёр цаг гаруй тэнд нь байлгаж байгаад хашаандаа авчрах гэсэн явдаггүй, унагыг нь тэврэх гэхээр эх нь харамлаад байсан. Энэ гүү өөрөө их ааштайн дээр анхных нь унага болохоор их харамлаж байсан. Анх унагалсан байсан үеийнх нь зургийг нисэх буудлын мэдээллийн албаны нэг ажилтан авч фейсбүүкд тавьсан юм билээ”.

-ХҮМҮҮС МАШ ИХ БЭЛЭГ ЕРӨӨЛТЭЙ ҮГ ХАЙРЛАЖ “МОРЬТОН” ГЭЭД ДЭЛГҮҮРЭЭС “МИАТ БОР”-Д МААНЬ ТЭЖЭЭЛ, ВИТАМИН БЭЛЭГЛЭСЭН-

-Гүү унагалсны дараа хүмүүс хэр их холбогдов, зарим хүмүүс бас “МИАТ Бор”-д тэжээл бэлэглэсэн сурагтай байсан?

-МИАТ-ийн хамт олон уулзмаар байна гэж байсан. Одоогоор бол уулзаагүй байна. “Морьтон” дэлгүүрийн хамт олон шуудай тэжээл, витамин зэргийг мөн өгсөн. Тухайн үедээ ч мөн хувь хүмүүс их холбогдох хүсэлтэй байна гээд ярьж байсан. Үүнээс гадна Увс аймгийн Цагаанхайрхан сумаас найзууд маань их холбогдож баяр хүргэж, бэлэгшээж байсан. Би мөн өглөө нь унаган эзэн рүү ярьсан л даа. Энд хашаанд бас хэсэг найзууд маань ирээд бараг найр шахуу л юм болсон ш дээ.

-Зарим хүмүүс унаганы тань зүсийг зээрд, хар, бор гээд л их олон янзаар хэлж байх шиг байсан?

-Өө тийм, баруун аймгийнхнаар л бол хар, бор л гэж нэрлэнэ. Зүүн аймгийнхан ногоон ч гэж зүсэлдэг. Янз бүрээр л зүсэлдэг дээ.

-Ер нь хаваржилт хэр байна, танайх энэ хавьд өвөлжсөн юмуу?

-Хаваржилт хаа сайгүй тааруу байх шиг л байна даа. Манайх өмнө нь Дундговь, Өмнөговиор нутагладаг байсан ч өвс идэш тааруу байсан учраас энд ирж өвөлжсөн. Гайгүйхэн шиг л онд орчихоод байж байна. Хотод орж ирээд жил гаруй болж байна. Ногоо цагаа гайгүй дэлгэрээд ирэхээр хөдөө рүүгээ гарнаа л гэж бодож байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд энэ хавиар маш их адуу орж ирж байгаа.

-Адуугаа хаана усалдаг вэ?

-Энэ хашаандаа усалдаг. Тэр хашааны буланд усалдаг газар бий.

-Энэ хавьд нохой гайгүй байдаг уу, адууг айлгаж, үргээх тохиолдол гарч байна?

-Нохой гайгүй ээ, хүн байнга хардаг болохоор гайгүй л байдаг юм. Гэхдээ энд ирснээс хойш хоёр адуугаа хулгайд алдчихаад байна.

-Ярилцсанд баярлалаа.